Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-27 10:51:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ.


2024 оны тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр бага орох төлөвтэй байна.


Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна.


Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.


Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө /хэлбэлзэл/ ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД-аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-ийн орчим, хур тунадас Завханы зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. 

 Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур ОЖД-аас сэрүүсэж, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч ОЖД-аас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн ихэнх, Төвийн баруун хойд болон хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр агаарын температур ОЖД-аас сэрүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. 

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дулаарах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээн, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун болон баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн урд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхэн үед харьцангуй дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орох магадлалтай ба энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Холбоотой мэдээ