Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-08 17:42:03

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 8 /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдрийг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлах тухай тогтоолыг мягмар гарагт баталжээ.


Энэ өдөр 1924 онд Францын нийслэл Парис хотноо зохиогдсон зуны Олимпын наадмын үеэр түүхэн дэх анхны олон улсын хөл бөмбөгийн тэмцээн болсны 100 жилийн ой тохиож байгааг тогтоолд дурдсан байна.


НҮБ-д суугаа Ливийн Байнгын төлөөлөгч Тахер М.Эль-Соннигийн танилцуулсан уг тогтоолын төслийг Ерөнхий Ассамблейн гишүүн 193 улсаас 160 гаруй нь дэмжжээ.


Хөл бөмбөг бол дэлхийн өнцөг булан бүрд тоглож, шимтэн сонирхдог номер нэг тоглоом мөн. Хөл бөмбөг нь үндэсний, соёлын, нийгэм-эдийн засгийн саад бэрхшээлийг даван туулж, дэлхий даяар ярьдаг бүх нийтийн хэл болсон гэж Т.Эль-Сонни Ассамблейн гишүүдэд хандан хэлсэн байна.


Ерөнхий Ассамблейн дарга Деннис Фрэнсис уг тогтоолыг батлагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ. “Хөл бөмбөг бол бусад спортын нэгэн адил нөхөрлөл, багаар ажиллах чадвар, шударга тоглолт, тэсвэр тэвчээрийн үнэт зүйлс дээр суурилдаг, дэлхий даяар энх тайван, эв нэгдлийг бий болгох хэрэгсэл юм” гэж тэрбээр хэлжээ.

 


Холбоотой мэдээ