ХӨВСГӨЛ: Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийн талбайг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-08 08:31:41

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийг хумьж, хог хаягдал тархсан талбайг багасгах ажлыг зохион байгуулж байна. 




Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 169 га талбайд тархсан байна. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, тархсан талбайг хумьж, түрж булах, орц гарц гаргах, зогоон татах зэрэг ажлыг энэ сард багтаан хийхээр төлөвлөж байна.




Сүүлийн үед хог хаягдлын цэг тэлсээр Дэлгэрмөрөн гол болон Мөрөн сумын 13-р багийн айл өрхүүдтэй ойртсон байна.

Мөрөн хотын иргэдийн хогийн цэг салхины доод талд байрлах Элстийн ар хэмээх ууланд байрладаг боловч хогийн цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байна.




Хог шатаж буй утаанаас хүний биед 10-20 жилийн турш байж чадах хорт бодис ялгардаг бөгөөд энэ нь хорт хавдар ургийн гажиг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ.

Сүүлийн жилүүдэд төв бараадсан иргэдийн тоо нэмэгдсэний улмаас Мөрөн хотын суурьшил тэлж иргэд хогоо ил задгай хаяж шатааж, иргэд хорт утаанд хордсоор байгаа юм.

 

Холбоотой мэдээ