СЭЛЭНГЭ: Усны бурхан Люванжалбог бүтээсэн түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-18 13:22:13

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ.


Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Цант толгойн баруун өврөөр халгин урсах Орхон голд зориулан хаданд урласан нэгэн бурхан бий. Үүнийг Өндөр гэгээн Занабазар урласан хэмээн ард түмний дунд ам дамжин түгсэн  байдаг.

 

Энэ нь Усны бурхан Люванжалбо юм. Хаданд урласан энэхүү түүхэн олдворыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 31 тоот тогтоолоор сумын “Бахархалт газар”-аар баталжээ.

 

Усны бурхан Люванжалбог бүтээсэн түүхэн домгийн талаар өгүүлье.

 

Халхын хоёрдугаар богд Лувсандамбийдономи анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулан шинээр бүтээн байгуулсан Амарбаясгалант хийдэд залрахаар их хүрээнээс сойвон, сайд, шадар туслахууд болон ван, гүн, ноёдыг шадарлан хөдөлжээ.

 

Уул толгодыг дамнасан урт хөсөг их цуваа Орхон түшээ гүний хөвөөнд тулан зогссон байна.

 

Түшээ гүний цэнгэг уснаас ундаалж, их хөсгөө амраан байх зуур Богдын шадар нар Цант толгой дээр гарч орчин тойрныг ажваас зогсож буй хадан ханыг шүргэн их голын ус халгин цалгиж байгааг үзжээ.

 

Энэ тухай их Богдод сонордуулбаас:

-“Орхон түшээ гүний тунгалаг рашааныг ариун байлгах Люванжалбо бурхныг усны мандалд шүршүүлэн бүтээ” хэмээн зарлиг буулгаж уран дархан, сахиус бүтээгч бурханч лам нараа үлдээгээд явсан гэдэг.

 

Цант толгойн баруун өвөрт усны Люванжалбо бурхан бүтээсэн домог ийм ажээ.


Холбоотой мэдээ