Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар салхи шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-27 09:59:29

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.


2024 оны 4 дүгээр сарын 28-наас 2024 оны 5 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байх боловч 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4...-1 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 




Холбоотой мэдээ