Ж.Бат-Ирээдүй: Германы монгол судлалын төвд ажилласан анхны монгол хүн нь их зохиолч Д.Нацагдорж

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khandmaa@montsame.gov.mn
2024-02-02 21:45:04

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн бичсэн, Герман-Монгол толь бичиг Германы Боннын их сургуулийн номын сангаас олджээ. Зуу орчим жил хэн ч сөхөж үзээгүй энэ толийг "илрүүлж", шинжлэх ухааны эргэлтэд оруулахаар зорьж зүтгэж яваа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Монголын түүх, хэлний асар их нандин өвийг гадаад улсуудаас илрүүлсээр байна. Тухайлбал та, 1929 онд зурсан Алтанбулаг Хиагтын газрын зураг Герман улсад хадгалагдаж байгааг олж үзсэнээ хуучилж байсан. Тэгвэл Монгол, Германы соёлын харилцааны бас нэгэн баялаг түүхийн гэрч, их зохиолчийн маань хорин хэдхэн насандаа Германд хийсэн толь бичгийн тухай энэ удаад тодруулах гэсэн юм. Түүнийг барьж үзсэн, анхны монгол хүн гэж таныг ойлгож болох уу?

-Би Германы Боннын их сургуульд 2015-2017 онд гурван он дамнан Монгол, төвөд хэлний тэнхимд нь зочин профессороор ажиллаж байлаа. Баруун Германд Дорно дахины салбарыг, тэр дундаа монгол судлалын төвийг  байгуулсан нэрт эрдэмтэн В.Хайссиг гэж хүн байсан. Энэ агуу эрдэмтэн монгол судлалаар зөвхөн барууны орнууд төдийгүй, ерөөс дэлхий дээр хэвлэгдсэн бүтээлүүдийг цуглуулж маш том номын сан байгуулах зорилготой байсан юм билээ. Зорилгодоо ч хүрч, барууны орнуудад байхгүй тийм гоё, монгол судлалын номын санг байгуулсан хүн шүү дээ.

Миний ажиллаж байсан тэр тэнхим Боннын их сургуулийн хамгийн гоё байшинд байдаг байв. Энэ байшинг их засварт оруулахаар болж, бид тэр баялаг номын санг нүүлгэхээр бүх номыг нь хурааж, хайрцаглаад явж байтал тус номын сангийн ажилтан Карл надад “Герман-Монгол толь” бичгийн хоёр дэвтэр гар бичмэл эхийг олж үзүүлсэн. Тэр бол 1926 -1927 онд Лайпцигт байхдаа Д.Нацагдоржийн хийсэн толь бичгийн цорын ганц эх хувь нь байлаа. Хуулбар биш гэсэн үг шүү дээ. Түүн дээр монгол судлалын алдартай эрдэмтэн Эрих Хэнишийн удирдлагаар бичсэнээ их зохиолч маань өөрийн гараар, маш тодорхой бичсэн байсан.


-Их зохиолч маань 1926 оны намар Германд очиж 1929 онд эргэж ирсэн байдаг. Яагаад ийм олон жил мэдэхгүй явсан юм бол?

-Мэдээж, хамгийн түрүүнд их зохиолчийнх мөн эсэхийг тодруулах ёстой л доо. Д.Нацагдоржийн гарын үсэг гарцаагүй мөн болохыг бусад зохиолынх нь гар бичмэлийн тигтэй харьцуулснаар мэдэж болно. Д.Нацагдоржийн гар бичмэл мөн байна гэдгийг түүнийг судалдаг хүмүүс ч баталж байгаа. Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн номын санд өдгөө хадгалж буй энэ толь бичгийг өмнө ямар нэг хэмжээгээр хэн нэгэн мэдэж байсан, энд тэнд дурдсан зүйл одоогоор байхгүй байна.

Мөн толийн дотор нүүрийн эхний хуудсанд Д.Нацагдорж И.Я.Шмидтийн 1800-гаад оны сүүлээр Петербург хотноо хэвлүүлсэн Монгол-Орос-Герман толь бичгийн толгой үгийг үндэслэн хийсэн болохоо маш тодорхой бичсэн байна билээ. Тэгэхдээ Германд 1911-1941 онд хэрэглэж байсан бичмэл цагаан толгойн үсгийн хэвээр бичсэн байдаг юм.


- Энэ толь бичиг яагаад Боннын их сургуулийн номын санд очсон тухай ямар нэг мэдээлэл олдов уу?

- Энэ бол мэдээж сонирхолтой асуудал. Лайпциг зүүн Германд байсан шүү дээ /хоёр Герман нэгдэхээс өмнө гэсэн үг, сурв/. Боннын их сургуулийн номын санг үүсгэн байгуулагч нэрт монголч Вальтер Хайссиг гуай Д.Нацагдоржийн шавилсан Эрих Хэништэй эрдэм номын дотно харилцаатай байсан. Тэгэхээр тэр толь бичгийг В.Хайссигт өгч, улмаар тус номын санд хадгалсан байж магадгүй гэж таамаглаж байна.


Ер нь бол, Д.Нацагдорж Германд очоод дээд сургуульд сурах гэхэд сургууль төгссөн гэрчилгээ баримт дутагдаж байсан юм билээ. Оройн сургуулиар ч явж байсан байдаг. Монголоос ирсэн хүмүүст орчуулга хийж байсан Сергей Вольф гэдэг хүн Д.Нацагдоржийг Э.Хэништэй /1880-1966/ танилцуулсан. Тэгээд тэрбээр Д.Нацагдоржийг өөрийн дэргэд аваачсан юм билээ. Энэ бол Д.Нацагдорж судлал, мөн Герман-Монгол толь бичгийн судлалд үнэхээр шинэ “олдвор” байж магадгүй.


Тус толь бичгийн эхийг чухам хэрхэн яаж тэнд очсоныг эрдэмтэн судлаач нараас асууж сураглах, тодруулах, цаашид эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах талаас ажиллах шаардлагатай байгаа.


-Ер нь хэдэн үгтэй, ямархуу янзын толь бичиг байх юм. Арай тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Энэ толь бичиг хоёр дэвтэр, тус бүр 150, нийт 302 хуудастай. Эхний дэвтрийн хавтсан дээр “Э.Хэниш, Лайпцигийн их сургууль, Дорно дахины семинар буюу тэнхим, А-К үсэг хүртэл” гэж бичжээ.

Харин толь бичгийн эхний ботийн эхний хуудсан дээр бичсэнийг орчуулбал, “Хэниш багшийн удирдлага дор Д.Нацагдоржийн бичсэн нь, Лайпцигийн их сургуулийн Дорно дахины семинар буюу тэнхим 1927 он, герман үг хэллэг, нэр томьёоны цагаан толгойн бүртгэл ойролцоогоор 8900 үг хэллэг, Шмидтийн Герман-Монгол толь бичигт үндэслэв” гэжээ. Эндээс Д.Нацагдорж Э.Хэнишийн удирдлагаар, И.Я.Шмидтийн толийн герман үгийн санд түшиглэн толгой үг хийж, түүнийгээ монгол хэлээр орчуулан, монгол бичгээр бичсэн нь тодорхой байгаа юм.


-Герман-Монгол хэлний олон толь гарсан. Харин их зохиолчийн маань толь ямар онцлогтой, үнэ цэнийг нь та хэрхэн тодорхойлох вэ?  

-Тийм ээ, одоо бол, Герман-Монгол толь зөндөөн байгаа. Гэхдээ ихэнх нь герман, кирил үсгээр байгаа. Тэгвэл энэ толь бичиг монгол бичгээр байгаа гэдгээрээ нэгдүгээрт онцлог. Оноолтыг нь их зохиолч өөрөө монгол бичгээр, гараар бичсэн гэсэн үг шүү дээ. Герман үгийг монгол хэлний ганц үгээр оноож бичсэн ч байна, бас зарим үгийг нь ойролцоо утгатай үгтэй нь хүртэл бичсэн байгаа юм. 

Хоёрдугаарт, Герман-Монгол хэлний хамгийн анхны хоёр хэлний толь бичиг гэж хэлж болно. Эрих Хэниш харандаагаар зарим хэсэгт засвар хийсэн байдаг.


Тиймээс Д.Нацагдорж судлалын хувьд, мөн Герман-Монгол толь бичгийн судлалд шинэ олдвор гэж хэлэх гээд байгаах юм. Харин Д.Нацагдорж анх бол Берлинд очсон. Лайпцигт байсан тухай барим тавим баримт нь үрэгдсэн болохоор их сургуульд байсан, байгаагүй гээд л ярьдаг шүү дээ. Энэ толь түүнийг тэнд байсан гэдгийг баталгаажуулж байгаа юм.


Энэ толь бичгийн зарим үгийг орчин цагийн Герман-Монгол толь бичгийн толгой үгтэй харьцуулан үзвэл, бараг бүрэн тохирох бөгөөд харин ч зарим ойролцоо үгийн утгыг илүү оновчтой, маш сайхан монгол үгээр оноож бичсэн байдаг.



-Герман, Францад сургахаар 1926 онд илгээсэн залууст их итгэл, ихийг сурах үүрэг даалгавар хүлээлгэж байсан юм билээ. Харин их зохиолчийн хувьд, яагаад толь бичиг зохиох ажилд шамдан оролцсон юм бол?

-Миний энд тэнд үзсэн юмаар бол, Д.Нацагдорж герман хэлийг нэлээн сайн сурсан байсан юм билээ. Тийм учраас Э.Хэниш сүрхий тоогоод, толь бичиг хийх үүрэг өгсөн байж магадгүй юм. Эрих Хэнишийн удирдлагаар Германд монгол судлал нэлээд эрчимтэй хөгжсөн шүү дээ.


Зарим хүний бичиж байгаагаар, Э.Хэнишийн судалгааны ажил их бүтэмжтэй, хурдтай явсан он жилүүдийг харахад Д.Нацагдоржтой багш шавийн барилдлагатай байсан он жилүүдтэй таардаг. Тиймээс Д.Нацагдорж түүнд их сайн нөлөөтэй байсан байж магадгүй хэмээн ярьж, бичих болж байна л даа.

Тэгээд ч Д.Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд очиж ажилласан анхны монгол хүн даруй мөн хэмээн тодорхойлон бичиж байна.

Цаашид энэ толийг хоёр хэлний орчуулгын талаас, герман монгол үгийн оноолтын талаас ч нарийн судалж үзэх нь мэдээж юм. Мөн боломжтой бол уг толь бичгийг судалгааны эргэлтэд оруулж хэвлэх, дижитал болгох боломжийг бид эрэлхийлж байгаа. Энэ талаар Боннын их сургуулийн профессор Инес Штолпетой даруй ярилцаж үзье гэж бодож байгаа.

 

Холбоотой мэдээ