БАЯНХОНГОР: Төсөл хэрэгжүүлэх талууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-09 16:57:03
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй. Энэхүү төслийг танилцуулах нээлтийн уулзалт энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт боллоо.

Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд болон төсөл хэрэгжих "Энхбүрд" Өрхийн эрүүл мэндийн төв, 16 дугаар цэцэрлэгийн удирдах ажилтнууд, эмч, багш нарын төлөөлөл оролцов.

Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой. Уулзалтаар Хүүхдийг ивээх сан болон зорилтот өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, харилцан хүлээх эрх, үүргээ тодорхойлсон юм.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гурван дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлж, зохих хөгжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Төсөл нь сургуулийн өмнөх бага насны хүүхдэд чиглэсэн бөгөөд тухайн насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, оролцоог хангахын тулд эрүүл мэндийн төвүүд ба цэцэрлэгийн барилга байгууламжийн орчин болон хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чиглэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэдний хөгжлийг дэмжих цогц тогтолцоог бий болгосноор илүү хүртээмжтэй нийгмийг бий болгох боломж бүрдэнэ.



Холбоотой мэдээ