ХЭНТИЙ: Галшар суманд "төмөр зуд" нүүрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-30 08:55:30
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Галшар сумын нутаг дэвсгэрт "төмөр зуд" нүүрлэж, өвөлжилт хүндэрчээ.

Малчин айл өрх, сум баг хооронд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, зам даваа цасанд боогдон явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар тус сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд, Онцгой комиссын Урал машиныг Галшар сум руу явуулж зам харгуйг нээх, малчдад 1000 боодол өвс, дөрвөн тонн хивэг тэжээлийг хямдралтай үнээр олгох, өвс тэжээлийг хүргэх автомашины шатахууны зардлыг Онцгой комиссоос шийдвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнс хүргэж өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХБХБГ-ын туулах чадвар сайтай Ланд 76 автомашиныг сум руу түр хугацаанд шилжүүлэн ажиллуулах, сумын ЗДТГ-ын автомашин эвдэрч яаралтай дуудлагад явах боломжгүй байгаа талаар Галшар сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу автомашины дэмжлэг хүсэх албан тоотыг улсын Онцгой комисст хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Төмөр зуд гэдэг нь цаг агаарын температур хэлбэлзэж, цас хайлж, цочир хүйтэрснээр газрын гадаргууд мөстөж малын бэлчээрт идэшлэх боломжгүй болох нөхцөл байдлыг хэлдэг аж.
Холбоотой мэдээ