БАЯН-ӨЛГИЙ: Зочид буудал, жуулчны баазууд хоногт 1324 зочин хүлээн авах хүчин чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-25 14:31:07

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн зочид буудал, жуулчны бааз, дэн буудлууд хоногт 1324 зочин хүлээн авах хүчин чадалтай болжээ.


Энэ нь 2016 онтой харьцуулахад 800 ороор нэмэгдсэн үзүүлэлт юм.


Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар одоо аймгийн хэмжээнд 398 ортой 12 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хоногт 766 зочин хүлээн авах боломжтой 14 жуулчны бааз, 160 ортой 6 дэн буудал байна. Үүнээс гурван жуулчны бааз аймгийн төв Өлгий хотоос 43 км зайд Толбо нуурын эрэгт үйл ажиллагаа явуулдаг. Дээрх зочид буудал, жуулчны бааз, дэн буудлууд хоногт 1324 зочин хүлээн авах боломжтой болжээ.   


Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад8 Баян-Өлгий аймгийн зочид буудлууд өнгөрсөн онд 697.9 сая төгрөгийн орлого олсон байна.


Статистикийн байгууллага зочид буудлын салбарын орлогыг тодорхойлохдоо үндсэн үйл ажиллагааны орлого, буудлын дэргэдэх зоогийн газрын үйлчилгээний болон буфет худалдааны борлуулалтын орлого, байр, тоног төхөөрөмж түрээслүүлснээс орсон орлого, зочид буудлын нэмэлт үйлчилгээнээс олсон орлогын нийлбэрээр тооцжээ.  

Холбоотой мэдээ