Вьетнамын бизнес группийн томоохон бүрэлдэхүүн ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-18 14:03:44

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улсад Вьетнам улсын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөл ирж байна.


Тодруулбал, тус улсын бизнес группт даатгал, харилцаа холбоо, мэдээллийн технологи, дижитал маркетинг, медиа, барилгын зураг төсөл, барилгын шилэн бүтээгдэхүүн, цахилгаан шат, цахилгаан хайрцаг, инбаунд аялал жуулчлал, хүнсний технологи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, автомат шугам, роботын судалгаа, ХАА-н бүтээгдэхүүний экспорт, импортын чиглэлийн компани, ААН-үүд багтжээ.


Вьетнамын бизнес группийн томоохон төлөөлөл манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа юм. Энэ удаа тэд холбогдох салбар, чиглэлийн компаниудаар орж, Монгол-Вьетнамын бизнес эрхлэгчдийн ажил хэргийн нүүр тулсан уулзалт зохион байгуулна. Уулзалт, бусад үйл ажиллагааг Монгол Улсад БНСВУ-аас суугаа ЭСЯ, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байна.



Нэмж мэдээлэхэд, 2022 онд 80 сая ам.доллар байсан Монгол-Вьетнамын хоорондох худалдааны эргэлтийг хоёр тал 100 сая ам.долларт хүргэх зорилготой ажиллаж байна. Монгол Улсаас Вьетнам руу хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол БНСВУ-аас цагаан будаа, шар буурцагны тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 80-аад сая ам.долларын үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн нийлүүлжээ. 


Хоёр улсын хооронд төмөр замын тээврийг идэвхжүүлэх чиглэлээр Монголын тээвэр зуучийн “Silk Way” компани Вьетнамын төмөр замын “Ратрако” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Silk Way” нь БНСВУ-ын Ханой, Хо Ши Мин хотоос Улаанбаатар хүртэлх төмөр замын тээврийн болон ОХУ, Европ хүртэлх “Ратрако” компанийн транзит тээврийн Монгол дахь гол түншээр ажиллах юм. Түүнээс гадна манай улсын иргэний агаарын тээврийн “Аэро Монгол” компани Улаанбаатар-Ханойн хооронд шууд нислэг үйлдэж байна.

Холбоотой мэдээ