Б.Лакшми: Монгол Улс өрсөлдөх чадвараар урагшлах боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-25 19:10:34

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааг жил бүр гаргаж байна. Энэхүү судалгааг олон улсад хэрэгжүүлдэг аргачлалаар хийдэг талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми хэлж байна.


Учир нь Дэлхийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв (ДЭЗӨЧСТ)-өөс дэлхийн улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварын тайланг гаргадаг. Уг төвтэй манай улсын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран ажилладаг байна.


-Манай улсад хийж буй Өрсөлдөх чадварын судалгааг Дэлхийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн шугмаар хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Тиймээ, Дэлхийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг судалдаг мэргэшсэн байгууллага. Манайх тус төвтэй хамтран ажилладаг, албан ёсны түнш байгууллага гэдгээр аргачлал, арга зүйгээр нь өөрийн орны судалгаагаа хийж гаргадаг. Дэлхийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв дэлхийн 64 орныг хамруулсан өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг байгууллага юм. 

-Манай улс тус төвийн судалгаагаар олон улсын хаана нь явна вэ гэдгийг мэдэж болох нь ээ?

-Монгол Улсыг 64 оронтой харьцуулахад хамгийн сайндаа 57 дээр үнэлэгдэж байсан. Энэ бол сүүлийн 8-9 жилийн дунджаар авсан дүн. Сүүлийн жилүүдэд 60-61 дээр эрэмблэгдэж байгаа. Хамгийн сүүлийн тайлангаар Монгол Улс 62-д орж Аргентин, Венесуэл зэрэг оронтой дүйцэхүйц хэмжээнд явна. Учир нь манай улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт буурч ирсэн. Өрсөлдөх чадварын тайланд орж буй инфляц өндөр, эдийн засаг нь тогтворгүй байгаа Венесуэл, сүүлийн үед мөн Украин зэрэг оронтой ойрхон эрэмблэгдэн явж байна.

-Ямар үзүүлэлтээр манай улсын үнэлгээ буурч  байна вэ?

-Олон улсын өрсөлдөх чадварыг:

  • дэд бүтцийн хөгжил,
  • бизнесийн ашигт ажиллагаа,
  • засаглалын үр ашиг,
  • эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үндсэн 4 бүлгийн үзүүлэлтээр тооцдог. 

Үүгээр авч үзэхэд манай улс бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар нэлээн доогуур яваа. Дараагаар нь засаглалын үр ашиг, дэд бүтцийн хөгжил гэсэн үзүүлэлтээр хасах оноогоор нэг байраар ухарч орж ирсэн. Үндсэн 4 бүлгийн 3 үзүүлэлт нь ийм байдалтай байна. 

Өрсөлдөх чадварыг юугаар хэмжээд байна вэ гэхээр аливаа улс оронд баялаг бүтээж, ажлын байр бий болгож, бүхий л зүйлийг үйлдвэрлэж байдаг нь мэдээж аж ахуйн нэгж, компаниуд байдаг. Өрсөлдөх чадварыг тэдэнд аль болох таатай үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж өгч буй талаас нь харж илэрхийлж байдаг. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хамгийн чухал зүйл нь засаглалын тогтвортой байдал, эрх зүйн хувьд ойлгомжтой орчин юм.


Манай улсын хувьд Дэлхийн Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дээрх байдлууд байхгүй байна хэмээн үзэж байгаа. Тиймээс бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйгээс аваад тогтвортой байдлыг хангах нь чухал хэмээн зөвлөж байгаа. Манайд аливаа юм болохгүй байна гэхээр хуулиа өөрчлөөд яваад байдаг. Гэтэл эцсийн дүндээ хуулиа урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлж байж үр дүн гаргах явдал чухал байна.

Нөгөө талаар манайд Засгийн газрын бүтэц мөн тогтворгүй байна. Энэ нь сул тал болж, томоохон нөлөө үзүүлж байна. Тогтворгүй байна гэдэг нь ойлгомжгүй байна гэсэн үг. Энд байнга өөрчлөгдөж ирсэн Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг хэлж болно. Энэ газрыг нэг бол яам, тамгын газрын харьяанд, нэг бол бие даасан агентлаг болгон өөрчилж ирсэн. Энэ тогтвортой бус байдал нь бизнесийн байгууллагад нөлөөлж байна.

·     

ДЭЗӨЧСТ-өөс Бизнесийн эрх зүйн орчинг тогтвортой, ойлгомжтой болгож, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг зөвлөж байна.


-Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний үндсэн 4 бүлгийн үлдсэн нэг үзүүлэлтийн биелэлт манайд хэр байна вэ?

-Эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлт үлдэж байгаа. Манайд сүүлийн 1-2 жилд нийгэм талаасаа ажилгүйдлийн түвшин харьцангуй сайжирсан. Эдийн засаг талаасаа экспорт өсөж ирсэн. Аялал жуулчлалын орлого нэмэгдсэн. Эдгээр нь манай улсын давуу тал болж байгаа. Үүнийгээ цааш нь илүү нарийвчлан судалж хөгжүүлэх шаардлагатай байгаа. Жишээ нь, нүүрс дээр гэхэд нэмүү өртөг шингээсэн байдлаар экспортоо нэмэгдүүлэх зэрэг явдал орж байна.

Эдийн засагчийн хувьд хэлэхэд манай улсад салбар хоорондын хамаарал байхгүй болсон гэж дүгнэхээр байгаа. Нэг салбар нь анхан шатны боловсруулалтаа хийж байхад дараагийнх нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдал үгүйлэгдэж байна. Ер нь бол манайд эдийн засаг өсөх чадамж, боломжууд нь байна. Энэ талаас харахад Монгол Улс олон улсад өрсөлдөх чадвараар урагшлах боломжтой.


Б.Лакшми: Монгол Улсыг 64 оронтой харьцуулахад хамгийн сайндаа 57 дээр үнэлэгдэж байсан.


-Үзүүлэлтүүдийг үзэхэд дотор нь ур чадварын өрсөлдөх тайлан гэж бас байна. Үүнийг тодруулна уу?

-Өнөөдөр дэлхий нийтэд цахимжилт их чухал болсон. Энэ асуудал олон улсад хурцаар тавигдаж буйтай холбоотойгоор ДЭЗӨЧТ-өөс энэ талын тайланг тусад нь гаргадаг болсон. Энэ үзүүлэлтээр манай улс мөн хойгуур яваа.

-Манай улсад интернэт их хөгжсөн, цахимжилт эрчимтэй явагдаж буй орны тоонд ордог атал яагаад ийм байгаа нь сонин байна. Хэддүгээр байрт яваа юм бол?

-Энд жагсаалтын хэдэд явж байна гэхээсээ илүү тулгамдаж буй зүйлийг гаргаж ирсэн. Жишээ нь, манай улс кибер аюулгүй байдлаар нэлээн хойгуур байрт явж байна. Цахимжилт дээр шинэ, зөөлөн дэд бүтцүүдийг хөгжүүлэхэд хангалттай хэмжээнд ажиллахгүй байна гэсэн дүгнэлт гарсан.


Хоёрт, хүний нөөц дээр илүү их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болоод байна. Ажиллах ур чадварын хувьд хүмүүсийг татах технологийн болон хууль эрх зүйн орчин байхгүй, бий болгохгүй байна. Үүнтэй холбоотойгоор ирээдүйн бэлэн байдлын буюу бид ирээдүйдээ хэр бэлэн байна гэсэн асуудал гарч ирж байгаа.


Ур чадварын тайлантай холбоотой тавигдаж буй нэг чухал асуудал нь боловсон хүчин. Дэлхий нийтээр мэдлэг боловсролтой, чадварлаг ажиллах хүчээ алдах магадлал улс орнуудад өндөр болоод байна. Тиймээс өрсөлдөх чадвартай орчинг бүрдүүлэхийн тулд аль болох өндөр чадвартай ажиллах боловсон хүчнийг татах болсон. Ингэх нь ирээдүйд томоохон асуудлыг дагуулна хэмээн харж байгаа. Яагаад гэвэл улс орнуудад төрөлт багасаж, залуу, ажиллах боловсон хүчин байхгүй болоод байгаа нь ийнхүү асуудлыг гарган тавихад хүргэж байна.

-Танай төв өөрийн орноос гадна Казахстан улсын өрсөлдөх чадварыг судалсан гэсэн. Үүнийг ямар зорилгоор хийсэн бэ. Монгол Улсаа харьцуулах гэж тэр үү? 

-Бид Монголдоо судалгаа хийхийн өмнө бусад улс орны туршлагыг сонирхох үүднээс Казахстан улстай холбогдож энэ талын судалгаа хийх хүсэлт тавьсан юм. Хэдийгээр Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааг улс орнууд олон улсын аргачлалын дагуу хийдэг ч гэсэн тухайн улсын нөхцөл байдлын онцлогоос шалтгаалж улс орон бүрд харилцан адилгүй дүн гардаг юм билээ. Учир нь ДЭЗӨЧТ нь өөрөө улс орнуудыг хооронд нь харьцуулж болохуйц шалгуур, үзүүлэлтийг гаргадаг онцлогтой. Үүнийг судлах зорилгоор бид Казахстанаас гадна 2012 онд Вьетнам улстай холбогдож байсан. Вьетнам улс өрсөлдөх чадварын судалгаагаа мужуудаар гаргаж хийдэг нь онцлог, бид үүнийг аймгуудын өрсөлдөх чадварын тайлан судалгааг гаргахдаа харгалзан үзсэн.

-Казахстан, Вьетнамтай харьцуулсан судалгаа тайлангаас харахад манай улс тэднээс хаана нь явна вэ? Бас бүс нутагтаа хаана нь явна бэ?

-Манай улсад эдийн засгийн өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд ахиц гаргах боломж байсан. Гэхдээ дээр хэлсэнчлэн засаглалын шалгуур үзүүлэлтээс болж боломжоо ашиглаж чадаагүй. Хүндрэлтэй байгаа үзүүлэлтүүдийг сайжруулсан нөхцөлд Монгол Улс өрсөлдөх чадвараар урагшлах боломжтойг би түрүүнд хэлсэн. Ийм жишээг сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараа эрс сайжруулж 35 дугаарт эрэмблэгдэж, манай улсаас 27 байраар урд яваа Казахстан улс харуулж байна. Тус улсад өрсөлдөх чадварыг Эдийн засгийн хөгжлийн яам нь хариуцан, яамных нь бүр үндсэн ажил үүрэг нь болж, хөгжлийн урт хугацааны стратеги бодлогодоо өрсөлдөх чадвараар түрүүлнэ хэмээн тусгаж, тодорхой зориулт тавин түүндээ хүрэхээр жил бүр ахиц гарган ажилладаг юм билээ.

-Танайх дотооддоо аймгуудын нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан судалгааг гаргадаг. Үүнийг мөн олон улсын аргачлалаар хийдэг үү?

-Тиймээ. ДЭЗӨЧТ-ийн үндсэн 4 бүлэг шалгуур үзүүлэлтийг задлаад улсын хэмжээнд 320 үзүүлэлтээр хийдэг. Харин аймгуудыг 180 үзүүлэлтээр багасгаж гаргадаг. Ингэхдээ өмнө нь аймгуудын статистик мэдээллийг эхлээд харж байгаад тэндээс ямар үзүүлэлтийг нь авч үзэж болох нь вэ гэдгийг гаргаад судалгаагаа боловсруулж хийдэг.


Аймаг, орон нутгууд сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадварын судалгаа тайланд их анхаарч манайх хаана явна, юугаа яаж сайжруулж дээшлүүлэх вэ гээд нөхцөл байдлаа их хардаг болсон. Энэ нь бидэнд урамтай байдаг. Авууштай зөв хандлага гарч байна гэж үзэж байгаа.


Тодруулга: Дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв (ДЭЗӨЧСТ)-ийн судалгаанд

дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй 64 улс хамрагддаг.

Ихэнх улс өөрсдөө хүсэлт тавин тайлан судалгаанд оролцдог байна.

ДЭЗӨЧТ нь тухайн улсын талаарх мэдээллийн эх үүсвэр, 

статистик мэдээлэл хангалттай хэмжээнд баталгаатай хөгжсөнийг харгалзан үзэж

судалгаанд хамруулдаг байна. 

Холбоотой мэдээ