galt.deegii@gmail.com
2024-06-01 05:43:31
ӨМНӨГОВЬ: Тэмээчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
Өмнөговь/МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна. Өнөөдөр Тэмээчдийн улсын зөвлөгөөн “Говийн байгаль” түүхийн музейд эхэллээ. Улсын зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тэмээчид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 112 хүн оролцож, тэмээн сүргийг өсгөх, ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх сэдвээр туршлага солилцон, зөвлөлдөж байгаа юм. Өмнөговь аймаг 2021 оны жилийн эцсийн байдлаар 160,6 мянган толгой тэмээ тоолуулсан нь улсын нийт тэмээн сүргийн 35,5%-ийг эзэлжээ.  Тухайн зөвлөгөөний үеэр тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.  Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгох, тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах, тэмээний баяр болон бусад эвент арга хэмжээг аялал жуулчлалтай холбох, тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга онцоллоо.  Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол тэмээ судлагаа шинжилгээний ажил, цаашдын зорилт, "Буурын бохины судалгааны ажлын үр дүн,Ингэний сүүн ашиг шим зэрэг сэдвүүдээр Монгол улсын зөвлөх, мал зүйч, судлаач, докторууд, мөн харьяа яамны холбогдох газрын мэргэжилтэн шинжээч нар илтгэл тавьлаа. Тус зөвлөгөөнөөс мөн хурдан тэмээ уяачдад цол олгох журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг санал асуулга явагдах бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч танилцуулагдах юм.  
533 өдөр