Г.Болор-Эрдэнэ: Дан ганц ойгоор аймгийн бүтээн байгуулалт хязгаарлагдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:38:20

   Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэтэй 90 жилийн ойн баяр наадмын талаар ярилцлаа.

-Увсчууд гурван том баяр давхацсан ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ямар үйл явдлууд болж өнгөрөв?

-Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Увс аймаг даяар, Монгол Улс даяар тэмдэглэн өнгөрүүллээ. 90 жилийн ойн хүрээнд “Увс хурд-2015” баруун бүсийн хурдан морины уралдаан болон Монгол бөхийн баярыг тэмдэглэсэн. Манай аймаг Ардын засгийн наадмын 15 түрүүг авч Архангай аймагтай зэрэгцэн хамгийн олон түрүү авсан аймаг болсон. Тэр тусмаа сүүлийн таван жилийн улсын баяр наадмын бөхийн барилдаанд Увс аймгийн дөрвөн бөх түрүүлсэн сайхан амжилт гаргалаа. Энэхүү хүчит бөхчүүдийнхээ алдрыг тэмдэглэх, мөн тив дэлхийд амжилт гарган барилдаж байгаа аймгийнхаа бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэхийг зорьж ойн арга хэмжээний хүрээнд Монгол бөхийн баярыг тэмдэглэсэн.

   Тэрчлэн 20-р зууны манлай бөх, Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнхийн 9 метр өндөр хөшөө цогцолборыг босголоо. Хөшөөний нээлтийг ойн арга хэмжээний үеэр хийсэн бөгөөд МУ-д анхны гэж хэлж болохоор түүхэн хөшөө Улаангом хотноо сүндэрлэсэн. Уг хөшөө цогцолборын нээлтэд Х.Баянмөнх аварга өөрийн биеэр оролцсон бөгөөд гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь хүрэлцэн ирсэн юм. Үүнээс гадна Улаанбаатар хотоос хүртэл лам нар ирж ном хурсан нэлээд том үйл ажиллагаа боллоо.

   Увс аймгийн харьяат улсын цолтой 55 бөх төрсөн байдгаас амьд сэрүүн байгаа 41 бөхөд, хорвоогийн мөнх бусыг үзсэн 14 бөхийн гэр бүлийнхэнд, бусад аймгаас ирж барилдсан улсын цолтой найман бөхөд, 60-аас дээш настай аймгийн арслан цолтой бөхчүүддээ тус тус хүндэтгэл үзүүллээ. Улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэхдээ мөнгөн эмээл хазаартай морь бэлэглэсэн. Бэлгийн морьдыг аймгаас гаргасан бөгөөд эмээл, тоноглолыг сумдаас бүрдүүлж өгсөн. Эмээлийг сумдаас гаргах болсон нь бас шалтгаантай. Тухайн бөхчүүдийн төрөлх сумын үндэстэн ястны онцлогийг харуулсан хээ угалзтай эмээлийг өгөх зорилготой байсан. Монгол бөхийн баярыг тэмдэглэснээрээ бөхчүүддээ амжилтаа ахиулах урам зориг өглөө.Мөн ой угтсан бүтээн байгуулалтын ажлыг  өрнүүлсэн. Хэд хэдэн ном бүтээж, номынхоо дээжийг аймгийн Төв номын санд байршууллаа. Дан ганц ойгоор аймгийн бүтээн байгуулалт хязгаарлагдахгүй. Цаашдаа үргэлжилсээр байх болно. Бидний 2015 онд дэвшүүлсэн том зорилт бол “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ”, “Миний Увс” гэсэн аян байгаа. Энэ аяны арга хэмжээ цаашдаа ч үргэлжлэх болно.

-Ойд хэдэн зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн бэ?

-Нийт 200 гаруй гэр барьж бүх зочдоо хүлээж авсан. Аймгийн ойд 30 гаруй мянган хүн гаднаас хүрэлцэн ирсэн гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Үүнээс гадна маш олон хүн ойн арга хэмжээнд хандив өргөсөн. Тэрхүү хандивын хүчээр ой сайхан элбэг дэлбэг боллоо. Аймгийн зүгээс тэдгээр хандивлагчиддаа хүндэтгэл үзүүлсэн.

-Ойн арга хэмжээн хичнээн төгрөгийн санхүүжилт гаргав?

-Одоогоор нарийвчилсан тооцоо гараагүй байна. Бид оны төгсгөлд ажлаа тайлагнана. Ямартай ч хандив тусламжийн хүчээр ойгоо боломжийн түвшинд тэмдэглэн өнгөрүүллээ.

-Аймгийн баяраас гадна 6 сумын тэгш ой боллоо. Мөн удахгүй шинэхэн начин Д.Энхбаярын цолны мялаалга наадам, Улсын аварга шалгаруулах адуучин тэмцээн, зарим байгууллагын ой гээд баяр наадам дуусахгүй шинжтэй?

-Наадмын дараа намар гэдэг. Тиймээс бид өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврыг наадмын дараа гаргасан. Энэ албан даалгавраа сум, аж ахуйн нэгж, баг, иргэдэд хүргэж ажиллаж байна. Мөн иргэдэд хандсан албан захиа илгээж байгаа. Мөн МУ-ын Засгийн газраас гаргасан “8-р сарын 1-ээс хойш баяр наадам тэмдэглэхгүй” гэсэн тогтоолыг үндэслээд бүх нийтийг хамарсан аймаг, сумдын ойгоо 7-р сардаа багтаан тэмдэглэж өнгөрүүлсэн. Одоо болох баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй. Зөвхөн тухайн хүрээний иргэд л тэмдэглэн өнгөрүүлэх болно. Иймээс энэ тал дээр ард иргэдийн ажил үйлс цалгардахгүй.

-Увс аймаг Улсын шилдэг аймаг болсон. Энэ тухайд?

-2014 оны ажлаараа Увс аймаг баруун бүсдээ тэргүүлж Улсын шилдэг аймаг болсон. Мөн 90 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  шагнууллаа. Манай аймаг анх 1981 онд Алтангадас одонгоор шагнагдсанаас хойш 34 жилийн дараа төрийн өндөр дээд одонгоор шагнагдаж байгаа нь бас нэгэн түүхэн үйл явдал болж байна. Ойн хүрээнд маш олон бүтээлч ажил хийгдсэн бөгөөд заримыг нь гүйцээж амжаагүй байгаа. Тэдгээр ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна шинэ ажлуудыг нэмж хийнэ. Аймгийн удирдлагаас санаачилж байгаа ажлуудад иргэн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй. Тухайлбал, ОХУ-ын Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжиан Уйгарын монголч эрдэмтдийн хамтарсан “Жангар судлал”-ын томоохон хурал Улаангомд болж байна. Тус хурлаас ЕБС-ийн сурагчдад Жангарыг судлуулах шийдвэр гаргасан бөгөөд ирэх хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажил их байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд