ДУНДГОВЬ: Он гарсаар 213 иргэн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-06 09:36:11
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25.1-д “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.


Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох хуулийн хугацаанаас өмнө Дундговь аймагт бусад аймаг, нийслэл Улаанбаатараас 16-аас дээш насны 213 иргэн шилжин ирсэн ба бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 111 иргэнээр олон байна. Түүнчлэн он гарсаар 129 хүүхэд шилжин иржээ.


Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргалаас шилжилт хөдөлгөөний талаар тодруулахад, “Энэ жил УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд 4 дүгээр сарын 29-нд шилжилт хөдөлгөөн зогсох тухай болон бүртгэлээ хэрхэн хийлгэх талаар сайн сурталчилж, мэдээлэл өгсөн.


2024 оны сонгуулийн нэг онцлог нь иргэд “И-Монголиа” системээр шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлтээ өгч бүртгүүлэх боломжтой байсан. Манай аймгийн хувьд 4 иргэн тус системээр хүсэлтээ ирүүлж, амжилттай бүртгүүллээ” гэлээ. 

Холбоотой мэдээ