СҮХБААТАР: Бүжигчин гэх тодотголтой ч бүх төрлийн авьяастан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-29 13:26:03

Баруун-Урт 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүжигчин, СТА Лхагвасүрэнгийн Ган-Эрдэнэ. Бүжигчин гэх тодотголоор 13 дахь жилдээ ажиллаж байгаа ч тэр бүх төрлийн авьяастай нэгэн. Бүжиглэхийн зэрэгцээ хөгжимдөнө, дуулна, жүжиглэнэ, багшилна, хөгжмийн ая зохионо.




Л.Ган-Эрдэнэ багаасаа л их хөдөлгөөнтэй, байнга л үсэрч харайж байдаг хүүхэд байж. Сумандаа ирсэн урлагийн бригадуудын тоглолтыг алгасахгүй үзнэ. Ингэхдээ бүжгийг нь хамгийн ихээр шимтэн үзэж, даган дуурайж явсаар бүжигчин болох замаа нээжээ. Энэ түүний мөрөөдөл нь байсан. Улмаар 2011 онд Сүхбаатар аймгийн соёлын өдрүүдээр Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн дэглэлт "Адуучин залуус" бүжгийн олны хэсэгт бүжиглэж, анх удаа театрын тайзан дээр гарчээ.




Жаахан шарга театр анх бүжигчнээр өлгийдөж авсан. Уг нь би чинь дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Гэхдээ багын маань мөрөөдөл бүжигчин болох байсан учир яг түүнийхээ төлөө л зорьсон. Саяхан мэт боловч хэдийн арав гаруй жил өнгөрч. Манай бүжигчид чинь эрт тэтгэвэртээ гардаг. Одоо ч зургаа, долоон жил л үлдсэн байна. Энэ хугацаандаа тайзан дээр асч байгаад л буухыг хүсэж байна. Тайзан дээр бүжиглэх тэр мэдрэмжийг үгээр хэлшгүй. Ямар бүжиг вэ гэдгээс тухайн үед гаргах эмоци, сэтгэл хөдлөл өөр өөр. Дүрээ судална, дүрдээ орно. Тэгэхээр яалт ч үгүй амьдрал дээрх Ган-Эрдэнэ гэдэг хүн хэдэн ч удаа хувирч өөрчлөгдөх шаардлага гардаг. Бүжиг бол биеийн урлаг. Үйл хөдлөлөөрөө дамжуулан бүжгийнхээ утга санааг үзэгчдэд ойлгуулдаг гэдгээрээ миний мэргэжил онцлог.




Түүний гэргий Б.Сайхантуяа мөн бүжигчин. Жаахан шарга театрын бүжгийн багшаар ажилладаг. Бүжиг тэднийг тайзан дээр бас амьдрал дээр ч нэгтгэжээ. Энэ тухайгаа ярихдаа, гэргийтэйгээ хамт тайзан дээр бүжиглэнэ гэдэг маш том аз завшаан. Хоёулаа бүжгийн урлагт хайртай болохоор илүү амар байдаг. Бие биенээ илүү сайж ойлгож, бас дэмждэг. Миний энэ бүх амжилт, ололтын минь ард хань минь байдаг. Омголон, дэврүү явах үедээ ханьтайгаа учирч, одоо хоёр сайхан хүүхдийн аав, ээж болсон байна. Миний хүсэл, миний зорилго илүү тод бас том болсон. Тэгэхээр би үнэхээр азтай хүн хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярина. Тэд өдгөө Жаахан шарга театртаа бус салбартаа хүндлэгдсэн бүжигчид болжээ.




Л.Ган-Эрдэнийн өөр нэг авьяас бол хөгжмийн нарийн мэдрэмжтэй. Даралтат хөгжмийнхөө араас харагдахгүй тийм жаахан байхаасаа хөгжимд дурлаж, лимбэ, гитар, бөмбөр, ятга, морин хуур гээд ихэнх хөгжмийг мөн тоглодог болсон. Эзэмшиж сурсан нь лимбэ хэдий ч цахилгаан хөгжмийн хамтлагтаа бөмбөрчин хийж, харин найз нөхөд хамт олныхоо дунд гитартай дуучин. Ажлынхаа зав чөлөөгөөр бүжгийн дугуйлан хичээллүүлж, олон хүүхдийг бүжигт дурлуулж, бүжгээр дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгож буй. Түүний шавь нараас улс, бүсийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүд олон бий. 




Хөгжмийг мэдэрч тоглоод зогсохгүй бүр ая зохиодог. Түүнд нь тохирсон орой зай мөн хэрэгтэй байсан учир орон нутагтаа анх удаа дуу бичлэгийн студи нээж, жил орчим болж байна. Хоолойн бичлэг, хөгжмийн найруулгыг студиддээ хийдэг. Шинэхэн студиэ мялааж ятга хөгжимд зориулсан "Совин" гэх анхны хөгжмийн бүтээлээ гаргаад байсан бол өдгөө морин хуурын шинэ аялгуун дээр ажиллаж байгаа аж. Хүмүүний амьдралын эрээнтэй, бараантай бүхнийг аялгуугаар илэрхийлсэн тийм нэгэн гайхалтай хөгжим удахгүй эгшиглэнэ.    




Урлагийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн болоод ч тэр үү урлагийн бүхий л төрөлд өөрийгөө сорих дуртай. Өнгөрсөн жил "Гоолингоо" мюзиклын гол дүрийг бүтээсэн. Өмнө нь ч хэд хэдэн жүжигт гол болон туслах дүр бүтээж байсан. Гэхдээ дуулалт жүжиг надад илүү тохирох юм шиг санагдсан. Дараа дахин дүр бүтээх боломж олдвол тултал нь ашиглана гэж бодож байгаа. Студи бол цэвэр миний хобби. Студийнхээ ажлаас гадна сүүлийн үед бөмбөр хөгжимд маш их дурлаж байгаа. Сонирхол ижил хэдэн ах дүү, найзтайгаа нийлж амьд хөгжмийн хамтлагийг байгуулсан. Амьд хөгжмийн гайхамшгийг бусдад түгээж, бас нэгэн өөр мэдрэмжийг иргэдэд өгөхийг хүсдэг. Үзэгч, иргэд ч биднийг маш сайхнаар хүлээж авдаг нь цаашид илүү их эрч хүчтэй, ураи зоригтой байх итгэлийг өгдөг. Ямар ч үед миний амьдрал, ажил гээд бүгд урлагтай холбоотой байдаг. Урлаг бол миний амьдрал. Үүн дотроо хамгийн чухал нь бүжиг. Бүжиггүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй байна. Ер нь миний туйлын хүсэл бол урагийн хүний амьдралаар нэр төртэй, зөв амьдарч хожим үр хүүхдүүд маань ааваараа бахархаасай. Хүүхдүүдийнхээ бахархалт аав нь байхын төлөө л би ингэж хичээж байгаа гэдгээ ойлгосон. Цаашид ч хичээх болно гэдгээ тэр хэлсэн юм. 


 

ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос эхлэн жил бүрийн дөрөдүгээ сарын 29-нийг Дэлхийн бүжигчдийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Өнөөдөр бол бүжигт хайртай, бүжгийн төлөө өөрийн залуу халуун нас, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн бүжигчдийн баярын өдөр. Жаахан шарга театрт ажиллаж байгаа өнөө цагийн шилдэг бүжигчдийн нэг Л.Ган-Эрдэнэ таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээг. 

Холбоотой мэдээ