ДАРХАН-УУЛ: 187 га талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-29 07:28:20

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул, уурхайн олборлолтын улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж заасан байдаг. Уг зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байна.


Дархан-Уул аймгийн хэмжээнд 157 эвдэрсэн газрын 1408,9 га талбайн зураг бичлэгийг баримтжуулж, өмнө нь нөхөн сэргээлт хийж байсан. Үүний үргэлжлэл болгож 187 га талбайг нөхөн сэргээх ажлыг бямба гарагт эхлүүллээ.




Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр “Оюу толгой” ХХК-тай 2023 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их Ноёны ам, Бага Ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутаг дахь Цагаан хөтөл орчмын дөрвөн байршил 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байна. 




Уг гэрээний хүрээнд тухайн ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалт зохион байгуулж “Бугант нандин” ХХК Хургадын ам, Цагаан хөтөлийн Хар ямаат орчмын 82.2  га талбайг, “Дархан транс” ХХК Хонгор сумын нутаг Цэхэрийн ам, Бага ноёны ам орчмын 104.8 га талбайд нөхөн сэргээлт хийх шалгаруулалтад тэнцэж ажлаа эхлүүлж байна.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Оюу толгой" ХХК таван сая мод тарих ажилтай дүйцүүлэн дээрх газруудад нөхөн сэргээх ажилд хөрөнгө оруулж байгаа аж.


Нөхөн сэргээлтийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, “Оюу толгой” ХХК, орон нутгийн удирдлагууд, гүйцэтгэх компанийн ажилтнууд оролцлоо.




Нээлтэд оролцсон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, "Шарын гол сумын энэ орхигдсон талбайг нөхөн сэргээх талаар орон нутгийн удирдлагууд хүсэлт илэрхийлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэхүү ажлыг хийхээр болж “Оюу толгой” ХХК санаачилгыг хүлээн авч ажлаа эхлүүлж байгаад талархаж байна.

Тус компани "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих амлалтынхаа хүрээнд дүйцүүлэх хэлбэрийн хоёр дахь том нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Бид өмнө нь 2023 онд хамтран ажиллаж Ялбагын гол орчмыг нөхөн сэргээж голоо урсгаж чадсан. 2024 ондоо багтаад Шарын голоо урсгаж бас нөхөн сэргээж чадна гэдгээ илэрхийлье" гэв.




Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, "Нөхөн сэргээж байгаа энэ талбай Шарын гол сумын малчин иргэдийн зуслангийн газартай давхацдаг. Түүнийг дагаж эрсдэлүүд бий болдог газар. Хүн, мал эрсдэх, хавар, намрын улиралд цаснаар төөрсөн иргэд автомашинтай осолдох, саатах зэрэг хүндрэлүүд бий болдог байсан.

Тиймээс энэхүү газрыг сум, орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж зураглалыг гаргаж өгсөн.




Өмнө нь аймаг, орон нутгийн хөгжлийн сан, байгаль орчны сангийн зардлаар эхний ээлжийн аюулын бүс болон өндөржилттэй ирмэгүүдийг дарах зэрэг орон нутгийнхаа хэмжээнд түр зуур эрсдэлийг бууруулж нөхөн сэргээлт хийдэг байсан. Харин энэ удаад БОАЖЯ, “Оюутолгой” ХХК-тай хамтран хамгийн эрсдэлтэй хэсэгт нөхөн сэргээлт хийж байгаад орон нутгийн удирдлагын хувьд талархаж байгаагаа илэрхийлье".



Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, "Бид 2021 онд Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд дахин газар ухаж, алт олборлохгүй аймаг болох зорилт дэвшүүлж байсан.

Тэр үеэс хойш нэг ч зөвшөөрөл олгоогүй, харин нөхөн сэргээх зорилгоор бичил уурхай эрхлэгчдэд бага газар олгож байгаа.

Бидний хамтын ажиллагаа, оролцоо, зорилго нэг байсны үр дүнд энэхүү нөхөн сэргээлтийн ажил эхэлж буйд баяртай байна" гэв.




"Оюу толгой" ХХК-ийн Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан Ерөнхий менежер Филипп Абрахам, "Энэ ажил хамтын ажиллагааны үр дүнг харуулж буй маш тод чухал жишээ  юм. гэж үзэж байна. Манай компани БОАЖЯ-тай хамтын ажиллагаатай, харилцан ойлголцож ажилласны үр дүнд хоёр дахь том нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр гүйцэтгэгч компаниудаа сонгон шалгаруулсан.

Манай үйл ажиллагаанаас хэдэн зуун километрийн алсад, хашаанаас гадна байгаа зүйл. Бид үйл ажиллагаагаа зөвхөн уурхайн хашаагаар хязгаарлахгүйгээр бидний оролцоо хаана хэрэгтэй байна тэр газар ажиллах боломжтой гэдгийг харуулж байна. Үүнийг би хамтын ажиллагааны бодит үр дүн гэж харж байна" гэв.

 

Холбоотой мэдээ