ОРХОН:Э.Эрдэнэбат: Энэ оны хөрөнгө оруулалтын дийлэнхийг эрчим хүч, дэд бүтцийн салбарт зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-11 08:58:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 11/МОНЦАМЭ/. Монгол Улсад хамгийн олон хүн амтай сумын нэг бол Орхон аймгийн Баян-Өндөр сум юм. Тус суманд Орхон аймгийн 107 мянган иргэний 90 гаруй хувь нь амьдардаг. Иймд сумын хөгжлийн бодлого шийдвэр бүр аймгийн хөгжлийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа, аймгийн дайтай сум гэж хэлж болно. Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбаттай орон нутгийн хөгжлийн онцлог, давуу болон сул тал, хөгжлийн цаашдын зорилтын талаар ярилцлаа.


-Энэ жил бүх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байна. Баян-Өндөр сумын хөдөө аж ахуйн хаваржилт хэр байна вэ?

-Энэ жил Орхон аймагт өмнөх жилээс цас ахиу орсон. Манайх төв, суурин сум учир малтай иргэд цөөн бий. Гэхдээ бид намар цагт өвс, тэжээлээ сайн нөөцөлсний хүчинд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчин өрхүүдэд өвс, тэжээлийг цаг алдалгүй өгч байна. Сар шинийн өмнө бүх малчинд малын тэжээл, өвс өгсөн. Мөн Баян-Өндөр сумаас Онцгой комиссын баг байгуулж малчдад туслах хандивын аян өрнүүлсэн. Энэ нь зөвхөн сумынхаа малчин өрхөд бус хөрш зэргэлдээ аймгийн малчдад ч тусламж хүргэх зорилгоор уриалга гарган ажиллалаа. Манай Баян-Өндөр суманд нийт 533 малчин өрх байдгаас дийлэнх нь Булган аймгийн Сэлэнгэ, Бугат, Орхон, Хангал суманд амьдардаг. Иймд малчин өрх бүрт хүрч ажиллахыг зорьж байна. Бид зөвхөн өвс, тэжээл олгох бус малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд онцгой анхаарч эмч, сувилагчдын багийг нийт 101 өрхөд хөдөөгүүр  ажиллуулаад байна.


-Тэгвэл хотын хаваржилт хэр байна вэ? Гэр хороолол давамгайлсан энэ суманд түлээ, түлшний нөөцөөс гадна хотын оршин суугчдын тав тух, шар усны үер, орон сууцны засвар үйлчилгээ гээд олон асуудал байгаа байх?

-Бид 2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг 2023 онд хийж, хотын болон хөдөө аж ахуй гэсэн хоёр чиглэлд бэлтгэлээ базаадаг. Жишээ нь, гэр хорооллын 20 орчим мянган өрх айлыг дулаан, тав тухтай өвөлжүүлэхийн тулд түлшний модны нийлүүлэлтийг сайтар базаах хэрэгтэй болдог. Орхон аймаг газар нутаг, ойн нөөц багатай учир түлшний модоо Булган аймгийн Сэлэнгэ, Бугат, Хангал болон Орхон аймгийн Жаргалант сумаас бэлддэг. Ингэхдээ намар мод бэлтгэх зөвшөөрөл болон орон нутагт оруулах модны куб метрийн хэмжээг Булган аймагтай зөвшилцөж жил бүр тоо хэмжээг нь нэмэгдүүлэн ажиллаж байнаГэхдээ цаашид шахмал түлш болон байгаль, экологид сөрөг нөлөөгүй технологи ашиглахаар зорьж байгаа. Үүний нэг нь гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг нэмж цахилгаан үүсгүүрийн хүчин чадлыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн орон сууцны хорооллуудын дээврийн засварыг дулааны улиралд сайн хийдэг учир хавар цас хайлах үед харьцангуй эрсдэл багатай байдаг. Ер нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл болон иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө зарцуулдаг.


-Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ажилтай, орлоготой болгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар дурдвал? Ялангуяа, дөрвөн жилийн өмнө тавьсан зорилго, зорилтын хэрэгжилт хэр байна вэ?

-Баян-Өндөр сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг бол сумын намын мөрийн хөтөлбөрт туссан бодлого, зорилт байдаг. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж дүгнэдэг. Жил бүр дунджаар 87-90 хувьтай дүгнүүлдэг.

Баян-Өндөр сумын ИТХ-аас бүх нийтийн эрүүл мэндийн асуудлыг дээшлүүлэх, амьдралын зөв хэв маягийг бий болгоход чиглэсэн “Суралцагч хот” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Мөн аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран криминологийн судалгаа, “Далд хүчирхийллийг ил болгоё”, “Нэг нийгмийн ажилтан-Нэг кэйс” аяныг хэрэгжүүллээ. “Нэг нийгмийн ажилтан-Нэг кэйс” аяны хүрээнд сургуулийн болон багийн нийгмийн ажилтнууд тодорхой нэг асуудлыг бүрэн шийдвэрлэтэл нь ажиллаж үр дүн гаргах зорилготой юм.

Аяны хугацаанд 50 орчим асуудлыг шийдвэрлэхийн төлөө нийгмийн ажилтнууд ажилласан. 2023 оны жилийн эцсийн байдлаар дүгнэхэд, 25  асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, 7 өрх орон гэртэй болсон, 3 өрх амьдрах нөхцөлөө сайжруулсан, 15 иргэн архины хамааралгүй болсон, сургууль засвардсан 22 хүүхдийг сургуульд хамруулж эхэлсэн, 92 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн, 9 иргэнийг мэргэшил олгох сургалтад хамруулсан, нэг ахмадыг асрамжийн газарт хүлээлгэн өгсөн, хоол, хүнсний дэмжлэгт 101 иргэнийг хамруулсан байна. Мөн ажлын байранд 37 иргэнийг зуучилж, хоёр иргэнд газрын гэрчилгээ олгож, 12 иргэнийг бичиг баримттай болгов. Түүнчлэн нэг иргэнийг бичиг үсэгтэй болголоо.

“Далд хүчирхийллийг ил болгоё” аяны хүрээнд мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалчтай хамтран 500 иргэнд сэтгэлзүйн тусламж үзүүлсэн. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох талаар ахлах ангийн сурагчидтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Түүнчлэн ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд шүдний эмч нарын баг сурагчдын амны хөндийн үзлэг хийж үр дүнгийн мэдээллийг хүүхдүүдийн ар гэрт нь захидлаар хүргэлээ. Энэ бүхнийг Баян-Өндөр сумын ИТХ-аас санаачилж, хамтран хэрэгжүүлж байна.

Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр “Хоршооллыг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан”-аар дамжуулан иргэдэд зээл олгож байна. “Эрдэнэт” ШУТП-тай хамтран өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүд олгож байгаа нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.


-“Суралцагч хот” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хөтөлбөр иргэдийг эрүүл, зөв амьдралын хэв маягт уриалан дуудсан, зөв дадал хэвшилтэй болоход чиглэсэн юм билээ. Хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?

-Монгол Улс эрүүл мэндийн үзүүлэлтээрээ бусад улсаас нэлээн доогуурт бичигддэг. Хорт хавдар, таргалалтаас үүдэлтэй нас баралт буурахгүй байна. Иймд Баян-Өндөр сумын ИТХ-аас “Суралцагч хот” хөтөлбөрийг өнгөрсөн онд санаачилж хэрэгжүүлж байна. Хүн амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд сурч, мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой. Ялангуяа эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгохын тулд суралц бас дахин суралц л гэсэн агуулгатай юм. Иймд бид өнгөрсөн жил 18 хүртэлх насны хүүхдүүдэд зориулж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн нэвтрүүлгүүд бэлдэж цахимаар болон телевизээр түгээж иргэдийг өдөр бүр хэвшүүлж ажиллахыг уриалсан. Мөн шүдний өдөрлөг зохион байгуулж, сурагчдыг шүдээ зөв угаах дадалд сургасан. Сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд эрүүл зөв, амьдралын хэв маягийг бүрдүүлэхийн төлөө санаачилсан ажлаараа ч уралдлаа. Энэ мэтчилэн хүн бүр амьдралын буруу хэв маягаа зөв болгоосой, үүний төлөө хичээгээсэй гэж уриалахын сацуу тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь төр хэрхэн хамтран ажиллах, ямар боломж байгаа талаар судаллаа. 

Энэ жил насанд хүрэгчдэд зориулж илүү мэргэжлийн түвшинд мэдээллийг хүргэх зорилгоор “Эрүүл амьдралын хэв маяг” өдөрлөг, ахмадуудад чиглэсэн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголчууд эрүүл байх ёстой. Үүний төлөө хүн бүр хичээх хэрэгтэй. Хүүхэд, залуусаа багаас нь эрүүл амьдралын дадал хэвшилд сургах хэрэгтэй байна. Тиймээс л “Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр шууд үр дүн нь гарахгүй ч хэдэн жилийн дараа эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байна. 


-Баян-Өндөр сум өөрийн хөрөнгөөр анх удаа цэцэрлэг барьсан. Энэ нь 21 аймгаас анхдагч болсон. Өмнө нь улсын болон аймгийн төсвийн хөрөнгөөр л томоохон бүтээн байгуулалт хийдэг байсан.

-Тийм ээ, Бид 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг анх удаа барьсан. Монголдоо анхдагч болсон. Цаашид үүнээс ч олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа. Орхон аймаг хойд бүсийн хөгжлийн гол тулгуур аймаг. Баруун аймаг руу зорчих иргэд Орхон аймгаар заавал дамжин өнгөрдөг. Иймд аймагтаа саатах гадаад, дотоодын жуулчдад зориулж ариун цэврийн байгууламж, худалдаа үйлчилгээ, музей үзвэрүүдийг нэмэхээр төлөвлөж зарим төсвийг нь тусгасан байгаа.

Мөн гэр хорооллын айл өрхийн хүчдэлийн уналттай хэсэгүүдэд эрчим хүчний хүчдэлийг нэмэгдүүлэхэд зориулж 1,5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн нийтийн эрүүл мэндийг дэмжиж гудамж, талбайд чийрэгжүүлэлтийн талбайнууд байгуулна.


-Сумын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж бүтээн байгуулалтууд ч өссөн. Энэ жилийн хөрөнгө оруулалтын онцлог юу байна вэ?

-2020 оны 10 дугаар сард Баян-Өндөр сумын ИТХ-ын даргаар томилогдож байлаа. 12 дугаар сарын 8-нд сумын ИТХ хуралдаж 2021 оны төсөв батлахад “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 730 сая төгрөг батлагдаж байсан бол 2024 онд 11,2 тэрбум төгрөгийг баталлаа. Баян-Өндөр сум түүхэндээ байгаагүй өндөр төсвийг энэ онд баталсан гэсэн үг. Үүн дээр нэмж Байгалийн нөөц ашигласны татвараас бүрдсэн орлогыг орон нутагт эргээд ашиглах буюу нийт 4,2 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 3,1 тэрбум төгрөгийг баталж зарцуулахаар болсон. Тэгэхээр энэ онд нийт 18,5 тэрбум төгрөгийг сумын хөгжилд зарцуулна гэсэн үг. “Орон нутгийн хөгжлийн сан” бол “Тогтвортой амьжиргаа III” төслөөс санхүүждэг. Энэ хөрөнгийг журмын дагуу зөв захиран зарцуулсан бол эргээд урамшуулал олгодог. Бид 2022 онд 200 сая, 2023 онд 500 сая, 2024 онд 900 сая төгрөгийн урамшуулал авсан. Энэ хөрөнгөөр Баян-Өндөр сумын иргэдийн эрүүл, аюулгүй тайван орчинд ажиллаж, амьдрахад нь чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийнэ. 2024 онд дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө зарцуулна. Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, мод тарьж хүрээлэн буй орчноо эрүүлжүүлэхэд чиглэсэн олон ажлыг энэ онд хийнэ.


-Баян-Өндөр сумын давуу болон сул тал юу вэ?

-Монгол Улс хөгжлийн гарцаа бүсчилсэн хөгжилд чиглүүлж байна. Энэ утгаараа Орхон, Булган, Хөвсгөл аймаг Хойд бүсийн хөгжлийн төв болж байна. Булган аймаг хөдөө аж ахуй, газар тариалангаар, Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар, Орхон аймаг аж үйлдвэрлэлээрээ хөгжих боломжтой. Гэхдээ манай аймаг газар нутаг багатай, хүн ам нягт суурьшсан гэдэг утгаараа зарим сул тал бий ч, хойд бүсийн хөгжлийн тулгуур аймгийн хувьд аялал жуулчлалын дэд бүтцийг энд байгуулах, худалдаа үйлчилгээг өргөжүүлэх боломжтой юм.

 -Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ