Сэтгэцфизиологийн үндсийг судалгааны үр дүн, баримт, нотолгоонд үндэслэн тайлбарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-29 15:17:12

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. 2018 онд “Алтан Психея” шагнал хүртсэн “Психофизиология” сурах бичгийн монгол орчуулга уншигчдын хүртээл боллоо. 


ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герцений нэрэмжит СХУ-ны Улсын их сургуулийн профессор, доктор /Sc.D/ Николаева Елена Ивановнагийн “Сэтгэцфизиологи” номыг сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа, сэтгэл судлалын магистр /M.A/ А.Тэгшжаргал нар орчуулжээ.


МУБИС-ийн номын санд болсон нээлтийн үеэр номын зохиогч Николаева Елена Ивановна хэлэхдээ, “Энэхүү сурах бичгийн онцлог нь зөвлөлтийн судлаачдын дэвшүүлсэн тархи боллон ухамсрын харилцан үйлчлэлийн тухай суурь үзэл санаанууд болон гадаадын зохиогчдын зарчмын шинэ үзэл баримтлалуудын хооронд харилцан буулт хийх боломж байгаа эсэхийг тодруулахыг оролдсон явдал юм. Үзэгдэл нэг механизмаар бус, харин олон механизмаар  тодорхойлогдох нь их байдаг. Эцсийн бүлэгт зөрчилтэй мэт санагдахуйц механизмууд нь ердөө л нэг зоосны хоёр тал байдаг учраас сэтгэл хөдлөлийн болон танин мэдэхүйн үйл явцуудын сэтгэцфизиологийн механизмуудын талаарх үзэл санаануудын өргөн хүрээг харуулахыг зорьсон” хэмээв.


Тус бүтээл сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь асуудлууд болох сэтгэц, зан үйлийн сэтгэцфизиологийн үндсийг хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, баримт, нотолгоонд үндэслэн тайлбарлажээ.

Хүн яагаад уйлж, инээж, уурладаг төдийгүй ямар нэг үйлдлийг яагаад өөрийн эрхгүй санамсаргүй үйлддэг болох гэх мэт олон асуултын хариуг энэхүү номоос олж мэдэх боломжтойг орчуулагч, Сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа тодотгов.


Тэрбээр, “Хүн дотоод, гадаад олон талт мэдрэмжүүдээ нэг түвшинд байлгах нь угтаа сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн гэж хэлж болно. Энэ нь тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалах, үг үйлдэл нэг байхын учрыг сэтгэцфизиологийн үүднээс тайлбарласан энэхүү сурах бичиг нь сэтгэл судлаач оюутнуудын суралцах хугацааны сайн нөхөр хийгээд судлаачийн судалгаа шинжилгээний эрэл хайгуулын замналд ташуур болж чадна хэмээн найдаж байна. Тус номыг монгол хэлнээ орчуулах явцад хамгийн их тулгарсан бэрхшээл бол шинжлэх ухааны нэршил,  нэр томьёог монгол хэлэнд хэрхэн зөв оноох асуудал байсан. Энэ нь манай салбарын эрдэмтэн судлаачид сэтгэл судлалын шинжлэх ухааны нэр томьёог зөв оноох, цэгцлэх, журамлах, улмаар хэвшүүлж нэг мөр болгох нь цаашдын сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй оюутан залууст нэн шаардлагатай байгааг харуулж байна” гэв.


Ташрамд дурдахад, профессор, доктор /Sc.D/ Николаева Елена Ивановна маргааш Боловсрол судлалын сургуульд МУБИС-ийн багш нарт зориулсан лекц тавих юм.



Холбоотой мэдээ