ЗАВХАН: Өв соёлоо сурталчлах давалгаа эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-26 08:33:21

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театраас өв соёлоо сонирхолтой  байдлаар сурталчлах, олон нийтийг уриалан дуудсан давалгааг эхлүүлжээ.
Л.Ванганы нэрэмжит аймгийн Хөгжимт жүжгийн театрынхан монгол өв соёл уламжлалаа ажлын байрны дасгал сургуулилттай хослуулан өдөр тутамдаа хийж хэвшүүлэх. Мөн ардын өв соёлоо сурталчлан таниулах зорилготой "Тууштай хөдөлгөөн-Эрүүл мэнд 2024" аяныг нэгдүгээр сараас эхлүүлсэн байна. 


Энэхүү аянд Завхан аймагт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй байгууллага хамт олныг нэгдэхийг уриалжээ.

Тэд энэ оны нэгдүгээр сараас эхлэн өдөр бүр, монгол ардын бүжиг, бий биелгээ гэхчлэн ардын бүжгийн уян налархай, онцлогтой хөдөлгөөнийг дасгал хөдөлгөөн, хөгжмийн аятай хослуулан ажлын байран дээрээ хэрхэн хийхийг пэйж хуудсаараа дамжуулан заасан байна. Хамт олноороо дасгал хөдөлгөөнтэй байж эрүүл мэндээ дэмжиж болохыг энэхүү давалгаа, аянаар уриалж буй юм.

Ингээд цахим орчинд өглөө бүрийн ажлаа бүжгийн дасгал хөдөлгөөнөөр эхлүүлж байгаа бичлэгээ байршуулсан нь олон нийтийн сонирхлыг татжээ.

Тэд дараагийн байгууллага болох аймгийн Засаг даргын Тамгын газрыг энэхүү давалгаанд дуудаж байгаагаа мэдээлэв.

Холбоотой мэдээ