ОРХОН: Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үнийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-22 18:32:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаанд байршуулах төлбөрийн хэмжээг Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар хэлэлцлээ.


Үүнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эхний 10 км дотор суудлын автомашиныг 60 мянга, том оврын автомашин, автобусыг 65 мянга, мотоциклыг 25 мянган төгрөг байхаар тооцжээ. Харин 10-аас дээш км тутамд 1500 төгрөг байхаар тооцсон байна. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхэд өмнө нь суудлын автомашин 40 мянга, том оврын автомашин, автобус 45 мянга, мотоцикл 15 мянган төгрөг байжээ. 


Түр саатуулах байр буюу журмын хашаанд хонуулах нэг хоногийн төлбөр мотоцикл 3000, суудлын автомашин 5000, таван тонн хүртэлх ачааны автомашин, дунд оврын микро автобус 7000, хүнд даацын ачааны машин болон том оврын автобус, бусад төрлийн том оврын тээврийн хэрэгсэл 18 мянган төгрөг байхаар санал гарчээ. Журмын хашааны хоногийн төлбөр өмнөхөөсөө тус бүр 1000 төгрөгөөр нэмэгдэх юм.  


Уг асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцэж батална. Хуралдаан энэ сарын 29-нд болно. 

Холбоотой мэдээ