ТӨВ: “Амар байна уу, Та” уулзалтыг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-08 10:17:58

Зуунмод, хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Амар байна уу та” уулзалтыг анх удаа зохион байгуулав. Энэхүү уулзалтад Монгол Улсын гавьяат болон төр захиргааны 40 гаруй ахмад, 41 бүлгийн 120 гаруй сурагч оролцжээ.

 

Уулзалтын талаар Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэлээс тодруулахад, “Төв аймгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад, буурлууд маань энэ сарын 5-ны өдөр хүүхдүүдтэй уулзлаа. Энэ уулзалтаар Сар шинийн баярын ёс заншил, уламжлалын талаар болон дурсамж яриа өрнүүлж, хүүхдүүд ахмадуудад хүндэтгэл илэрхийлж, ахмад үе, залуу үеийг холбох ажил боллоо гэж харж байна” гэв.  

 

Уулзалтын талаар Хүмүүн цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч А.Номин, “Уулзалтаар ахмад хүнийг хүндлэх, гучин жилийн өмнөх хүмүүсийн аж амьдралын тухай, сар шинийн баяраар заавал хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн талаар мэдэж авлаа. Урьд өмнө нь ийм төрлийн уулзалт болж байгаагүй учраас их сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй санагдлаа. Битүүний орой болон шинийн нэгний өглөө хийх зүйлсээ дүүдээ хэлж өгнө гэж бодож байна” гэв. 


Холбоотой мэдээ