Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-06 11:06:28

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ 2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.9 хувьд хүргэж ахиуллаа. Энэ нь өнгөрсөн 11 дүгээр сарын таамаглалаас 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм.


Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өссөн бөгөөд энэ онд инфляц таамаглаж байснаас хурдан буурч байгааг харгалзан ийм шийдвэр гаргасан гэж Парист төвтэй тус байгууллага эдийн засгийн завсрын төлөв байдлын талаарх хоёрдугаар сарын тайландаа дурджээ.


Харин 2025 онд Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт өмнөх тайланд дурдсанчлан санхүүгийн нөхцөл байдал сайжрахын хэрээр 3 хувьд хүрэх төлөвтэй байна.


ЭЗХАХБ-ын шинжээчид АНУ-ын эдийн засгийн өсөлтийг өрхийн хэрэглээний зардал, хөдөлмөрийн зах зээлийн  үзүүлэлтүүдийг харгалзан 2024 онд 0.6 пунктээр өсгөж, 2.1 хувьд хүргэсэн боловч 2025 оныхыг 1.7 хувь хэвээр үлдээжээ.


Харин ойрын хугацаанд зээлийн хатуу нөхцөлийн улмаас эдийн засгийн идэвхжил саарсан тул Еврогийн бүсийн ДНБ энэ онд 0.6 хувь, ирэх онд 1.3 хувиар өснө гэж төсөөлсөн нь өмнөх таамаглалаас 0.3, 0.2 пунктээр тус тус буурсан байна.


ЭЗХАХБ Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2024 онд 4.7 хувь, 2025 онд 4.2 хувьд хэвээр хадгалсан нь хэрэглэгчдийн эрэлт сул, өр их, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул байгаатай холбоотой байна.


Харин ирэх оны эцэс гэхэд “Хорийн бүлэг”-ийн ихэнх оронд инфляц зорилтот түвшинд хүрч, энэ онд 6.6 хувьтай байгаа үзүүлэлт 2025 онд 3.8 хувь болж буурна гэж таамагласан байна.


Гэхдээ өнгөрсөн хугацаанд бодлогын хүүг өсгөснөөс үүдэлтэй үр дагавар урьдчилан таамагласнаас илүү удаан хугацаагаар үргэлжилбэл эдийн засгийн өсөлт саарч болзошгүйг ЭЗХАХБ анхааруулжээ.

Холбоотой мэдээ