Хиймэл оюун ухааныг ашиглан асар том зэсийн орд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-06 10:44:58

ЛУСАКА, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Bloomberg/. Ногоон эрчим хүчинд шилжихэд шаардлагатай гол түүхий эдийг хайхын тулд хиймэл оюун ухааныг ашигладаг уул уурхайн “KoBold Metals” компани Замби улсад зэсийн асар том орд илрүүлснээ зарлалаа. 


Сан-Франциско хотод төвтэй “KoBold Metals” компанийн хувьцааг Билл Гэйтс, Жефф Безос нарын хөрөнгө оруулалттай “Breakthrough Energy Ventures” компани, мөн “T. Rowe Price Group Inc.”, “Bond Capital”, “Andreesen Horowitz”, “Equinor ASA” компаниуд эзэмшдэг ажээ. Тус компани одоо Замби дахь өөрийн талбайд жил гаруй өрөмдлөг хийж байна.


Компанийн ерөнхийлөгч Жош Голдманы хэлснээр, “Мингомба” хэмээх уг орд нь “асар их ирээдүйтэй харагдаж байгаа” бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын "Какула" уурхайнхтай дүйцэхүйц хэмжээний нөөцтэй ажээ. Өнгөрсөн онд тус уурхай 400 орчим мянган тонн зэс олборлосон байна. 


Тус компани ирэх арван жилийн эхээр олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний өмнө нөөцийн шинэчилсэн үнэлгээ, барилга байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулна. Голдманы тооцоолсноор, үүнд зарцуулах хөрөнгө 2 тэрбум долларт хүрч магадгүй байна. “KoBold” нь өрөмдлөгийн өгөгдлийг боловсруулах, Мингомба дахь зэс, кобальтын хайгуулыг оновчтой болгохын тулд хиймэл оюун ухааны технологийг ашигладаг.

Холбоотой мэдээ