Эдийн засгийн чухал мэдээллийг хамгаалах хуулийн төслийг Японы парламент хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-02 14:50:47

ТОКИО, 2024 оны хоёрдугаар 2 /Nikkei/. Задруулсан тохиолдолд ноцтой хохирол учруулж болзошгүй эдийн засгийн нууц мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг Японы засгийн газар боловсруулж байна. 


Тодруулбал, эдийн засгийн чухал мэдээллүүдэд нэвтрэх систем бий болгох тухай төслийг боловсруулж байгаа ажээ. Тодорхой хүмүүст ийм мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл олгохын тулд компаниудын хүсэлтийг судалж хэлэлцдэг бие даасан бүтцийг байгуулахаар төсөлд тусгасан байна. Ингэхдээ хэрэг зөрчилд холбогдсон эсэх, мансууруулах бодис хэрэглэж байсан эсэх, түүнчлэн эхнэр/нөхрийн иргэний харьяалал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх аж. 


Шийдвэр нааштай гарсан тохиолдолд 10 хүртэлх жилийн хугацаатай зөвшөөрөл олгох бөгөөд ажлаа сольсон ч гэсэн зохих зөвшөөрлийг авсан хүн дахин шалгуулах шаардлагагүй. Уг төлөвлөгөөг АНУ-ын нууц ангиллын мэдээлэлтэй харьцуулваас, эдийн засгийн чухал мэдээллийн нууцлалын зэрэг нь Америкийн систем дэх "нууц" гэсэн ангилалтай дүйцнэ. Японд маш нууц мэдээллийг задруулсан тохиолдолд 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэдэг бол эдийн засгийн нууц мэдээллийг задруулбал 5 хүртэлх жилийн ял оноох төлөвтэй байна. 


Нууц мэдээлэлд нэвтрэх системийг бий болгосноор Японы компаниуд ийм системийг хэдийнэ нэвтрүүлсэн бусад улс орны түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломжтой болно. Хуулийн төслийг парламентын одоогийн ээлжит чуулганд өргөн барих төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ