ТӨВ: Үзэсгэлэн худалдаагаар нийт 1.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-29 15:26:00

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. "Цагаан сар-2024 үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-27-ны өдөр зохион байгуулж, оролцсон иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хоршоод нийт 1.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Тухайлбал, Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Борнуур сумаас 32 иргэн, аж ахуй нэгж, хоршоод оролцож 70 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Жилээс жилд өргөжин, цар хүрээ нь тэлж байгаа үзэсгэлэн худалдааг хүлээлт үүсгэн зорих иргэдийн тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний тоо, чанарт ахиц гарч байгаа талаар тус сумын үйлдвэрлэл эрхлэгч нар онцолж байв.

 

Үзэсгэлэн худалдаанд 26 сумын 212 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа зэрэг 270 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдсан байна.  

 


Үзэсгэлэн худалдааны үеэр аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжин шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил нийт 6 номинацаар шилдгүүдийг тодруулав. Тухайлбал,

 

-“Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр  Цээл сумын үйлдвэрлэл эрхлэгч Э.Энхбаярын “Эрдэнэт зөгий” зөгийн бал

 

- “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Алтанбулаг сумын үйлдвэрлэл эрхлэгч Ц.Лхагвасүрэнгийн “Цэмбэн гутал”

 

- “Шилдэг сав, баглаа, боодолтой мөнгөн богц бүтээгдэхүүн”-ээр Батсүмбэр сумын үйлдвэрлэл эрхлэгч "Ухаалаг сүү" ХХК-ний “Уламжлал” брэнд

 

- “Шилдэг онцлох шинэ бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын үйлдвэрлэл эрхлэгч “Биэнэ” ХХК-ний “Российский Сыр”

 

- “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн”-ээр Бүрэн сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Ихбаярын үйлдвэрлэсэн “Мөнгөн хүрд”

 

- “Шилдэг хоршоо”-оор Борнуур сумын “Өгөөмөр бороо хоршоо”-ны хамт олон тус тус шалгарлаа.

 


Мөн “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаанд хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон Борнуур, Аргалант, Лүн сумыг шилдгээр нэрлэж, цом, батламж гардуулан өгсөн юм.

 


Энэхүү үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, аймгийн "Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-ийн хүрээнд Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан аж.

 

Холбоотой мэдээ