АРХАНГАЙ: Малчидтай хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-10 15:16:09

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт малчдаа эргэж явна.


Сумын хэмжээнд их хэмжээний цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсний улмаас хөдөөгийн багуудад ажиллах ажлын хэсэг гаргаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байна.


Энэхүү ажлын хэсгийнхэн хөдөөгийн багуудын алслагдсан, зам даваа гараагүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, анхны тусламжийн эм, тариаг хүргэн, заавар зөвлөгөө өглөө. Мөн малчин өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдал, хадлан тэжээлийн нөөцийг судлан, өвс тэжээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлжээ.


Малчин, мал бүхий иргэдийг байгаль, цаг уурын гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Малчин иргэдтэй байгуулах хариуцлагын гэрээ”-г сумын Засаг дарга, 5 багийн малчин айл өрхүүдтэй хийжээ. Уг гэрээгээр малчид өөрийн болон гэр бүлийн гишүүд, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхийн амь нас, эрүүл мэнддээ анхаарах, цаг агаарын аюулт болон байгалийн гамшигт үзэгдлийн үед малаа ойр бэлчээх, малын эрүүл мэндэд анхаарах зэргийг тусгаж, сум, багийн Засаг даргын эрх, үүрэг бодит эрсдэл тохиолдсон үед хэрэгжүүлэх арга хэмжээг малчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаргасан байна.


Цасан хунгар тогтож, зам даваа хаагдсаны улмаас сумын төв орж чадахгүй байгаа багуудруу цас ханзлагчаар зам гаргаж байна. Одоогоор Хөнөг, Улаанчулуу багуудруу явах төв замын цасыг сэтлэн зам гаргаад байна.

Холбоотой мэдээ