“Mongolian mining week 2023” чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-13 10:08:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” аравдугаар сарын 9-13-нд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ болно.


УУХҮЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулах чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан салбарын бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийн талаар хэлэлцэх юм.


Өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарын бүх түвшний оролцогчид салбарын хөгжлийг идэвхжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих, Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжийг эрэлхийлж тав хоногийн турш чуулсан. Үүний дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, орон нийтийн оролцоог хангаж, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдсан олон асуудлыг шат шатны байгууллагын оролцоотой хэлэлцэж, чиглэлээ тодорхойлсон юм.


Хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэх чиглэлд бодлогоо чиглүүлж байгааг УУХҮЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ