Монголын Хөрөнгийн бирж: 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-08-02 09:27:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь 2023 оны хагас жилийн дүн бөгөөд тайлант хугацааны тойм мэдээллээ цахим хуудаст байршуулсан байна.


Оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ. Тайлант хугацаанд улсын төсөвт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэл төлжээ. 2023 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс энэ оны эхний хагас жилд 40,386.51 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 35,154.41 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,315.18 нэгж байлаа. 
  • Зах зээлийн үнэлгээ энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 10.99 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.15 их наяд төгрөг буюу 127.26 хувиар өсжээ. Энэ үзүүлэлтийг оны эхэнтэй харьцуулахад 4.2 их наяд төгрөг буюу 61.86 хувиар өссөн үзүүлэлт болж байна
  • Оны эхний хагас жилд нийт 125 удаагийн үнэт цаасны арилжаа явагджээ. Үүнд: хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ХК-ийн 855.2 сая ширхэг хувьцааг 429.8 тэрбум төгрөгөөр,
  • хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 428 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 42.2 тэрбум төгрөгөөр,
  • хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.5 сая ширхэг нэгж эрхийг 3.4 тэрбум төгрөгөөр,
  • компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 мянган ширхэг бондыг 37.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжжээ.

Нийт 513 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.9 сая ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна.


Өнгөрсөн хугацаанд Монголын Хөрөнгийн бирж ХК 54 удаагийн нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжжээ. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,152,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсийг 564 тэрбум төгрөгөөр, 1,043,200 тонн 1/3 коксжих нүүрсийг 325.4 тэрбум төгрөгөөр, 371,200 тонн эрчим хүчний нүүрсийг 87.7 тэрбум төгрөгөөр,
  • “Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 148 тэрбум төгрөгөөр,
  • “Энержи Ресурс” ХХК-ийн 243,200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 162 тэрбум төгрөгөөр,
  • “Хангад Эксплорейшн” ХХК-ийн 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 26.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа.


Холбоотой мэдээ