Манай улсад метаны хийг олборлож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-07-28 16:52:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнийн говь дахь нүүрсний бүлэг ордыг түшиглэн манай улс метаны хий олборлох боломжтой боллоо.


Тодруулбал, хувийн хэвшлийн “TMK Energy компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний давхаргаас метаны хий олборлох туршилтыг эхлүүлээд байна. Энэхүү үйл ажиллагааг эрхлэх зорилгоор байгуулагдсан тус компани давхаргын метаныг цооног өрөмдөн олборлож байгаа юм.


Ахмад геологчдын тэмдэглэснээр метаны судалгаа манай улсад 1970-1980-аад онд эхэлж байсныг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал, уул уурхайн инженер Ж.Золжаргал хэлж байна. Геологичид ихэвчлэн нүүрсний ордын хайгуулж хийж байх явцад метаныг судалж байсан аж.


Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрсний Нарийнсухайтын бүлэг ордын талбай дээр метан илэрч байсныг байгаль орчны зөвлөх мэргэжилтэн М.Бадарч уул уурхайнханд зөвлөн хэлж, тандалт хайгуул, судалгаа хийх талаар санал болгожээ. Тэрбээр, АНУ-ын Байгаль хамгаалах газрын дэмжлэгтэйгээр тухайн газар судалгаа хийж байх явцад ийнхүү илрүүлсэн байна. Улмаар дээрх газрын дэмжлэгтэйгээр метан хийн судалгааг эхлүүлжээИнгэхдээ Нарийнсухайт, Тавантолгойн нүүрсний орд дахь метаныг газрын тосны том хайгуулын блокоос биш нүүрсний талбай дунд эхэлж олборлоод цахилгаан үүсгүүрт ашиглавал практикт хурдан хэрэгжих юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.


Метан нь байгаль дээр их хуримтлалаар болон нефтийн ордыг дагаж хуримтлагддаг байгалийн хийн нэг төрөл юм. Мөн нүүрс дотор метан байдаг. Ингэхдээ том талбайд бага агуулгаар оршдог учир нүүрснээс ялган авдаг аж. Метаныг шингэрүүлсэн хэлбэрээр ахуйн түлш болгон хэрэглэдэг, мөн эрчим хүч, үйлдвэрлэлд ашигладаг байна. Нүүрстэй харьцуулахад цэвэр, мөн үр ашиг өндөр байдаг тул утаагүй, эрчим хүчий эко түлш ч гэж нэрлэдэг байна. Метаны хийг хамгийн бага зардлаар ашиглах эхний алхам нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


“Монголд метаны нөөц бий. Энэ бол их ирээдүйтэй байгалийн баялаг. Уул уурхайн компаниуд өнгөрсөн хугацаанд нүүрс олборлолтыг тэргүүнд тавьж байсан учир метаны хийг төдийлөн анхаараагүй ирсэн” гэдгийг геологчид, салбарын мэргэжилтнүүд хэлж байна.


Нарийнсухайт дахь нүүрсний ил орд газарт өдгөө олборлож эхлээд буй метаны хийн хувьд ашиглах нөхцөл сайн, эдийн засгийн ашигтай гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд 10-аад жилийн өмнө гаргаж байсан талаар УУҮА-аас мэдээллээ. Байгалийн хийг шингэрүүлсэн хэлбэрээр ашиглаж буй хийн компаниуд байгаа учир манай улсад эрх зүйн хувьд байгалийн хийн метаныг хайж, олборлох, ашиглах боломжтой аж. 

Холбоотой мэдээ