Рио Тинто: Хил дамнасан түншлэлээ Монголд авчирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-10 17:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн уул уурхайн томоохон төлөөлөгчийн нэг "Рио Тинто" групп Оюутолгой төслийн хүрээнд 2010-2022 онд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.


Цаашид 2028-2036 онд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа оргил үедээ хүрнэ. Ингэснээр жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсийн зах зээлд 4 дэх том тоглогч болж, тэр хэрээр Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө өсөх хүлээлттэй байгааг “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын хүрээнд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.


Тэрбээр, “Бид өнгөрсөн оны эхэнд Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн хүрээнд өгсөн амлалтдаа хүрч, Оюутолгой төслийг амжилттай урагшлуулахын зэрэгцээ Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжийг нээж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ойр хамтран ажиллана" гэдгээ дахин илэрхийлэв. 


Якоб Стаусхолм: Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд өрнөж буй бүтээн байгуулалтыг нүдээрээ үзэж, Монгол орныг таньж мэдэж ойлгох нь юу юунаас чухал.


Тиймээс ч “Монголын Эдийн засгийн форум-2023”-д “JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC зэрэг дэлхийн топ санхүүгийн 45 байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчийг урьж авчирснаа дуулгалаа. Мөн “Рио Тинто”-гийн хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулалтын 20 гаруй сан, хувьцааг дүгнэж, үнэлдэг 20 гаруй банкны эксперт, судлаач нар ирсэн гэв.


Энэхүү үйл явдлыг “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Олон талын, олон хөрөнгө оруулагч байх нь ашигтай. Дараа дараагийн хөрөнгө оруулагч нарыг татахад түлхэц болно” хэмээн тайлбарлан хэлж, гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд өрнөж буй бүтээн байгуулалтыг нүдээрээ үзэж, Монгол орныг таньж мэдэж ойлгох нь юу юунаас чухал. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарлаад буй “Монголд зочлох жил”-ийн зорилттой уялдаж буйг хэллээ.


“Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал хэвлэлийн бага хурал дээр “Рио Тинто” групп өөрийнхөө хил дамжсан түншлэлээ Монголд авчирч байна хэмээн ойлгож болно гэдгийг хэллээ.


Мөн дээрх үйл явдал нь 2023 оны 3 дугаар сард Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн түүхэн амжилтын дараа болж буйгаараа онцлогтой бөгөөд 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулагчид хамгийн өргөн бүрэлдэхүүнээр Монголд ирж, энэ үйл явдлыг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд сурвалжилсныг дуулгав.

Холбоотой мэдээ