“Дээлтэй Монгол” наадам дэлгэр сайхан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
n_sarchihg@yahoo.com
2023-07-09 19:36:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол - 2023” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.

17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” наадамд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд монголчуудыг төлөөлөл хүрэлцэн ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулж, Төв талбай тэр чигээрээ өнгө өнгийн цэцэгс алагласан мэт өөр өөрийн онцлогтой үндэсний хувцасны өв соёлын гайхамшигт автсан гэхэд болно.


Зөвхөн үндэстэн угсаатны гоёлоос гадна долоодугаар дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах Монголын Жиү жицүгийн холбооны тамирчид, “Мон Алтиус-Цагаанбаатар” академийн өсвөрийн жүдочид, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчид, уртын дууны “Өнө” чуулга, Монголын чопперчдын клуб зэрэг 30 гаруй байгууллагын 350 орчим төлөөлөл оролцож, Монгол дээл, хувцасны гайхамшгийг олон нийтэд толилуулав. Манба дацан хийдийнхэн шашны хувцас хэрэгсэлтэйгээ оролцсон юм.

Тус наадмыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран ажиллалаа.


“Дээлтэй Монгол” наадам өдөрлөгт оролцогчид өнөө жил хүрээгээ тэлж, урьд урьдынхаас илүү олон хүн хамрагдаж байгааг хэлж байв. Үнэхээр ч монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чиглэдэг билээ.


Анхлан зохион байгуулагдсанаас хойш 17 дахь жилтэйгээ золгож байгаа тус наадамд анх удаагаа оролцож байгаа ӨМӨЗО-ы Алшаа аймгийн баруун хошууны төлөөлөлтэй уулзсан юм. Тус хошуунаас нийт 22 хүн энэ наадамд оролцож буй бөгөөд тэднийг ахалж ирсэн 68 настай, Ц.Доржийнхүү гуай “Миний өвөг дээдэс Говь-Алтай аймгийн Алтай сумын харъяатууд. Халх үндэстэн гэсэн үг. Энэ наадамд оролцоно гэж олон жил сэдэж бодсон юм. Хүсэж мөрөөдөж байсан ч коронагаас болоод хойшилсон. Ингээд сая ах дүү, нутаг хошууныхантайгаа нийлээд 22-лаа ирж оролцлоо. Энэ хүмүүсийн хувцсыг манай гэрийн хүн оёдог. Үндэсний баяртаа оролцоод сайхан байна. Сэтгэл уужим, үнэхээр ханалаа. Үүнээс цааш үргэлж оролцоно” гэсэн бол Говь-Алтай аймгийн Цээл сумын гаралтай Г.Цолмон гэдэг залуу “Наадамд оролцсон сэтгэгдэл өндөр байна. Гоё байна. Энд ирж ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ уулзаад сайхан байна. Болоимж олдвол дахин оролцоно” гэсэн юм.


Ер нь гаднаас ирсэн төлөөллүүд ихэвчлэн анх удаа оролцож байгаагаа хэлж байв. Тухайлбал, Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл “Анх удаа оролцож байна. Тун их баяртай, омогшилтой байна шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Мөн малгайгаа “Залаат малгай” гэж танилцуулахаа мартаагүй. Хөлөнбуйраас гэхэд 20 хүн иржээ. Хөлөнбуйрын баруун хошууных гэж танилцуулсан эмэгтэй барга үндэсний хувцсаар гоёсноо хэлж “Сэтгэл ерөөс их шүү” гэсэн юм.


Харин Буриадын төлөөлөл “Монголчууд бол гоёж чаддаг ард түмэн. Жил ирэх тусам энэ наадам өргөжиж байгаад бахархдаг. Өдөр тутам үндэсний хувцсаараа гоёж дэлхийн ард түмний нүдийг бүлтийлгэж байгаасай гэж хүсдэг шүү” гэв. Ажиглаад байхад гаднаас ирсэн элэг нэгтнүүд маань үг бүрийнхээ төгсгөлд “шүү” гэж их хэлдэг юм билээ.


Сумын наадамд хүн бүр гоёж ирдэг шиг “Дээлтэй Монгол” наадамд монгол зон нийтээрээ ач холбогдол өгч, үндэсний хувцсаараа гангардаг болсон нь өнөөдрийн арга хэмжээнээс тод томруун харагдаж байлаа. Ёстой л нялх балчраасаа эхлээд настан буурлууд хүртэл үндэсний хувцасны соёлыг өөрийн биеэр түгээж, сурталчилж байв. Үүнтэй зэрэгцээд морин хуурын чуулгын тоглолт, уртын гайхалтай зохицож, нэгэн цул ярууслыг үүсгэж байсан нь бахархмаар.


Уулзсан хүн бүр “Бүгдээрээ үндэсний дээлээ өмсч ирсэн нь сайхан байна. Өв соёлоо ингэж хамгаалж байгаа нь үнэхээр талархмаар зүйл юм” гэцгээж байв. “Дээлтэй Монгол” наадмыг “Би монгол хүн” гэдгээ илэрхийлж байгаа үйлдэл гэж тодорхойлох ч хүн таарсан.


Үнэхээр “Дээлтэй Монгол” наадам бүрэн утгаараа өв соёлоо хадгалж үлдэх, үр хойчдоо үлдээж уламжлуулах том цэнгүүн болж чадсан байна.

Холбоотой мэдээ