ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурыг зорих замдаа Евроазийн хамгийн олон буган чулуун хөшөө бүхий цогцолборыг сонирхоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-22 09:31:22

Мөрөн /МОНЦАМЭ/. Усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14 дүгээрт ордог, усны тунгалаг, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.



Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог.


Хөвсгөл нуурыг зорьж буй иргэд, жуулчид нуурыг үзэх замдаа тус аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн Буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг үзэх боломжтой юм.



Аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий.


Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай.




Энэхүү дурсгал нь Евроазийн буган чулуун хөшөө цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

 

Буган хөшөөнүүд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.

Хөшөөний хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөнүүдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ.


Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм.




Тус хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ.


Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ.


Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.

 

Холбоотой мэдээ