ЗАВХАН: Бүх насныхны сонирхлыг татсан соёлын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-05 18:21:15

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Соёлын сэргэлт 2023” аян үргэлжилж байна.


"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх. Соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аян Завханы 24 суманд 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.


Орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа Тэс суманд боллоо.


“Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба монгол соёлын уламжлал” сэдвээр Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын дарга, Соёл судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхцэцэг сумын 100 гаруй иргэнд соён гэгээрлийн илтгэлийг танилцуулав. Харин “Баримтат өвийн бүртгэл: Завхан аймгийн жишээн дээр” сэдвээр Соёлын өвийн үндэсний төвийн Баримтат өв хариуцсан бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр соёлын салбарын ажилтнуудад чадавхжуулах сургалтыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Урлагийн боловсролын хөтөлбөрт 120 гаруй хүүхэд хамрагдаж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, “Цам”, “Мандала”, “Өлзийт найман тэмдэгт” сэдэвт боловсролын хөтөлбөрт хамрагдав.


Мөн насанд хүрэгчид, хүүхдүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох VR Виртуал музей үзүүлэв.

Тэс сум нь 1959 онд байгуулагдсан. Тус сумын нутагт Завхан аймгийн 9 гайхамшгийн нэг болох Цайз хэрмийн туурь оршин байхаас гадна Суман хад, Дормон уул, Хуулгын агуй, Зүрийн түрэг бичээс зэрэг олон арван байгаль, түүхийн дурсгал бий. Мөн Аргалантын ухаагийн хиргисүүр, Бичигтийн ухаагийн хадны зураг, Голын хөндлөнгийн өвөрийн хадны зураг, хиргисүүр, Зүрийн овооны бичээс, Сүмийн толгойн туурь, Хиргисүүрийн амны буган чулуун хөшөө, хиргисүүр, Хөндлөнгийн арын тахилын онгон гэхчлэн хиргисүүр, буган чулуун хөшөөдтэй.

/90 шүргэсэн насан дээрээ есөн цаг нам сууж лекц сонсож, урлагийн тоглолтыг үзсэн эмээ соёлын ажлын хамгийн өндөр настай нь байв. Үзэгчдийг манлайлж, зарласан цагт хамгийн түрүүнд ирсэн, улаан дээл, шаргал өнгийн дугуй малгайтай настныг Дансрангийн Мөөлөө гэнэ/

Их уулсын орон, Завхан аймгийн Их-Уул сумын 160 гаруй иргэн соёлын үйл ажиллагаанд оролцлоо.

Оролцогчид урлаг соёлын тоглолтуудыг үзэж сонирхсноос гадна, чадавхжуулах, соён гэгээрүүлэх сонирхолтой илтгэлүүдийг сонслоо.


Мөн Чойжин ламын сүм музейн сор бүтээлүүдийн “Мандала” гэрэл зургийн үзэсгэлэнг сумын соёлын төвд дэглэж, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготой хөтөлбөрт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 130 гаруй хүүхэд хамрагдлаа. Соёлын аяны сонирхол татсан хөтөлбөрүүдийн нэг нь виртуал музей юм. Давхардсан тоогоор 250 гаруй хүн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох VR Виртуал музейг үзжээ.  



Их-Уул сумын хувьд Бичигт хясаа, Түргийн Алагвай ван хаан гурван цэцүүхээр нутаглан амьдарч байсан гэгдэх түүний гүнжийн дурсгалт зориулан босгосон мэлхий бүхий гэрэлт хөшөө, хиргисүүрийн цогцолбор, Манжийн хааны гүнж явсан гэх домогтой Гүнжийн хясаа, гүнжийн зам зэрэг эртний домогтой үзэсгэлэнт газруудтай. Хуягтын хүрээний туурь оршдог эх түүхийн өлгий нутаг юм.


/Виртуал музей бүх насныхны сонирхлыг татаж байв/

 /Сартуул түмний шүтээн Сонгинохайрхан уулаараа овоглосон Завхан аймгийн Сонгино сумд “Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа болов/


Сонгино сум нь 1924 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад цор ганц морин толгой бүхий хас тэмдэгтэй буган чулуу хөшөө, хаан хатны дүрс бүхий хүн чулуун дурсгалууд оршин байдгаараа онцлог сум юм.

Аяны хүрээнд сумын 130 гаруй иргэнд урлаг, соёлын үйлчилгээг үзүүллээ. Тухайлбал, үндэсний нэгдмэл үнэт зүйл ба монгол соёлын уламжлал, соён гэгээрлийн илтгэл, баримтат өвийн бүртгэлийг Завхан аймгийн жишээн дээр танилцуулсан чадавхжуулах сургалтыг хийжээ.


Мөн орон нутагт ажиллаж байгаа соёлын ажилтнуудад номын сангийн фондод хадгалалт хамгаалалтыг сайжруулах дадлага хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  


Сонгино суманд Айраг нуурын хүн чулуун хөшөөд, Айраг нуурын буган чулуун хөшөө, Айрагийн хөндийн буган чулуун хөшөө, Алаг толгойн тахилын онгон, Ар цагд уулын гууны тахилын онгон, Баянголын хүн чулуун хөшөөд, Бөхийн уулын зосон зураг, Дунд булагийн арын хүн чулуун хөшөө, Бүст уулын чулуун байгууламж, Дунд улааны өвөр дэнжийн хүн чулуун хөшөө, Дуутын өрийн хүн чулуун хөшөө, Их хонгилын хүн чулуун хөшөө, Сэнжийн арын хүн чулуун хөшөө, Сонгино хайрханы булш, хиргисүүр, хадны зураг, Зайдангийн арын хадны зураг, Зараагийн голын тахилын онгон гэхчлэн хиргэсүүр, буган чулуу, онгон дурсгалуудтай.

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаанд Завхан аймгийн Шилүүстэй сумын 120 гаруй иргэн оролцлоо.

Шилүүстэй сум нь 1924 онд байгуулагдсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар анхны тэмээчин эмэгтэй Тостын Бумбаа, тууварчин Дэмбээгийн Нямсамбуу, хоньчин Чүлтэмийн Нацагдорж нарын өлгий нутаг юм.


Асгатын амны буган чулуун хөшөө, хиргисүүр, Бор ботготой уулын хиргисүүр, Дааган дэлийн буган чулуун хөшөөний цогцолбор, Мааньтын амны хиргисүүр, Мандалт уулын хөшөө чулуу, Өрөмтийн хиргисүүр, Сумын төвийн дэргэдэх хиргисүүр, Ухаагийн өвөрийн хиргисүүр, Уртын чандманы хүн чулуун хөшөө гэх зэрэг хиргисүүр, онгон, дурсгалуудтай. 


"Соёлын сэргэлт-2023" аяныг сум бүр, хөдөө орон нутгийн иргэн бүр талархан хүлээн авч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, соёлын бүх талын хөтөлбөрүүдийг хүүхэд, ахмадууд илүү сонирхон үзэж байгаа нь талархууштай. Орон нутгийн иргэдийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцооноос үзэхэд, хөдөө орон нутгийн иргэд соёл урлагаар цангаж буйг харуулж байна. Соёлын үйл ажиллагаа бусад суманд үргэлжилж байна гэж "Соёлын сэргэлт-2023" аяны Завхан аймаг дахь ажлын багаас мэдээлэв. 

/Шилүүстэй сумын иргэд соёлын аянд үндэсний дээл хувцсаараа гоёж оролцжээ/


/Боловсролын хөтөлбөрт оролцогч хүүхдүүд/

/Соёлын арга хэмжээнд монгол дээлээрээ гоёсон сумын иргэд- Их-Уул сум/

/Чойжин ламын сүм музейн сонирхолтой үзмэрүүдийг тайлбарлаж буй нь/

/Сум бүрт болж буй соёлын үйл ажиллагаанд тухайн сумын ардын авьяастнууд урлагийн тоглолтод хамтран оролцож байна/



Холбоотой мэдээ