ДАРХАН-УУЛ: “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг хоёр өдөр дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-16 13:11:07

Дархан /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийн үзэсгэлэн Дархан хотод нээлтээ хийлээ. Монголын уран зургийн галерей нь олон нийтийн урлагийн боловсролын цар хүрээ, хүртээмжийг сайжруулах, соёл, урлагийн үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчлах, урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор “Галерей аялж байна” хөтөлбөрийг Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнг тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Залуучууд театрын нэг давхарт гаргана. 




Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” , Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон зэрэг сор бүтээлүүдийг дэлгэж байна.




Мөн Ардын зураач, төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Ардын зураач Д.Амгалангийн “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутагийн “Талын эзэл” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.




Тусгай үзэсгэлэнд зөвхөн сор бүтээлүүд дэлгэгдэхээс гадна “Үдийн хоолонд зочилсон хурга” хүүхдийн театрчилсан жүжиг, хөгжимтэй зураг зэрэг урлагийн боловсролын хөтөлбөрүүд багтжээ.




Монголын уран зургийн галерейд хадгалагдаж буй сор бүтээлүүдээс Марзан Шаравын “Ленин” бүтээл нь 100 жил хадгалагдаж буй түүхтэй аж.




Ташрамд 34 жилийн турш иргэдэд үзүүлээгүй хаалттай байсан үзэсгэлэнгээс дээжлэн авчирсныг Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа онцолж байлаа.



Холбоотой мэдээ