СТАТИСТИК: Монголд байгаа гадаадын иргэдийн 30 шахам хувь нь уул уурхайд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-17 11:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр, энэ оны эхний улирлын байдлаар манай улсад 99 орны 5.7 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 0.3 (5.1 хувиар) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.8 (45.6 хувиар) мянган хүнээр өсжээ. Хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн:

  • 4.9 (85.2 хувь) мянга нь эрэгтэй,
  • 0.8 (14.8 хувь нь) мянга нь эмэгтэй байна. Тэдгээрийн:
  • 43.0 хувь нь БНХАУ-ын,
  • 8.9 хувь нь Вьетнам улсын,
  • 6.4 хувь нь ОХУ-ын,
  • 5.9 хувь нь Энэтхэг улсын,
  • 4.7 хувь нь БНСУ-ын,
  • 4.4 хувь нь АНУ болон Филиппин улсын (тус бүр), 
  • 3.1 хувь нь Австралийн Холбооны Улсын,
  • 2.8хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын,
  • 16.4 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 хувь), 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65 (1.1 хувь) байна.


Гадаадын иргэд манай улсад хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Тэдгээрийн 2.9 (50.0 хувь) мянга нь Улаанбаатарт, 1.7 (30.4 хувь) мянга нь төвийн бүсэд, 0.7 (13.0 хувь) мянга нь зүүн бүсэд, 213 (3.7 хувь) нь хангайн бүсэд, 166 (2.9 хувь) нь баруун бүсэд ажиллаж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 45.6 хувиар өсжээ.



Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (50.3 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.1 (18.5 хувь) мянга нь техникч болон туслах/дэд мэргэжилтэн, 694 (12.1 хувь) нь менежер, 622 (10.8 хувь) нь үйлдвэрлэл, барилга, гар  урлалын  ажилтан, 243 (4.2 хувь) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 135 (2.4 хувь) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 58 (1.0 хувь) нь контор,  үйлчилгээний  ажилтан, 39 (0.7 хувь) нь худалдаа,  үйлчилгээний  ажилтнаар  ажиллаж байна.


Гадаад иргэдийн 1688 (29.4 хувь) нь уул уурхай, олборлолтын, 1019 (17.8 хувь) нь боловсролын, 666 (11.6 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 651 (11.3 хувь) нь барилгын, 519 (9.0 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 451 (7.9 хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 220 (3.8 хувь) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны, 526 (9.2 хувь) нь бусад салбарт ажиллаж байна. 


Өмнөх улиралтай харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо барилгын салбарт 422 (2.8 дахин) хүнээр, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 354 (3.1 дахин) хүнээр, уул уурхай, олборлолтын салбарт 338 (25.0 хувь) хүнээр нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлттэй байна. 

Холбоотой мэдээ