ДОРНОД: Хагас зууны настай "Дөлгөөн Хэрлэн" дуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-07 14:23:00

Чойбалсан /МОНЦАМЭ/. Монголын ард түмний дунд хагас зууны турш дуулагдаж байгаа "Дөлгөөн Хэрлэн" дуу энэ жил 51 нас хүрч байна.


Ухаан бодлыг уяруулсан
Унаган төрөлх нутаг минь
Уран долгио уралдуулсан
Урсгал дөлгөөн Хэрлэн минь.
Санаа сэтгэл уужруулсан
Саруул уудам тал минь
Саваа халин мэлтэлзсэн
Сайхан мөнгөн Хэрлэн минь.
Ажил хөдөлмөр алдаршсан
Алтан шаргал тал минь
Адуу малаа ундаалсан
Амгалан дөлгөөн Хэрлэн минь...


Тэртээ 1972 оны нар ээсэн нэгэн өдөр зохиолч Д.Туваансүрэн залуухан хөгжмийн зохиолч Г.Жүгдэрийнд зочилж, хоёул Хэрлэнгийн хөвөөгөөр алхаж явахдаа дуу бүтээх санаа төрсөн гэдэг. Д.Туваансүрэн гуай тэр дор нь голын хөвөөнд үзэг цаас нийлүүлэн цаг хэртэй сууж тэрлэсэн дууны шүлгийн мөрүүдийг Г.Жүгдэр уншиж үзээд тэр дор нь нотлож, Хэрлэнгийн хөвөөнөө "Дөлгөөн Хэрлэн" дуу төрсөн түүхтэй. Дуучин Л.Цагаанхүүхэн маргааш өглөө нь ажилдаа орж очиход хөгжмийн зохиолч угтан уулзаж, шинэ дуугаа сонсгосноор тэр оройн тоглолтод шууд дуулж Дорнодын ард түмний сонорыг мялааж байв. 

"Дөлгөөн Хэрлэн" дууны шүлгийг эх орноо магтан дуулсан уянгын аясаар бичжээ. Дууг гурван жигүүртэй гэдэг. Дууны шүлгийн зохиолч Д.Туваансүрэн залуучуудыг бага гэж голдоггүй, мэддэг чаддагаа харамгүй зааж сургадаг, сайхан буурал байсан гэж дурсдаг. Харин Г.Жүгдэрийн хувьд ЗХУ-д Хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшиж ирээд удаагүй байлаа.  "Дөлгөөн Хэрлэн" дууны хөгжмийг тоглож, хамгийн түрүүнд гэргийдээ сонсгоод "Л.Цагаанхүүхэнээр дуулуулна" гэж эрс шийдэмгий хэлсэн гэдэг.
Л.Цагаанхүүхэн наймдугаар ангиа Сүхбаатар аймагт төгсөж, багшийн сургуульд сурахаар Дорнодод иржээ. Нэг л мэдэхнээ урлагт татагдаж, ХДТ-т жүжигчнээр ажиллаж эхэлснээр удалгүй "Дөлгөөн Хэрлэн" дууг дуулж, Дорнодын Л.Цагаанхүүхэн гэгдэн алдаршсан юм. Ийнхүү хагас зууны турш Дорнодын төдийгүй Монголын ард түмний аманд аялагдаж, сэтгэлд мөнхөрсөн нэгэн дуу бүтсэн түүхтэй.    



  

Холбоотой мэдээ