ДАРХАН-УУЛ: “Угсаатан бий” төслөөр дамжуулан соёлын биет бус өвийг зааж сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-21 17:33:19

Дархан /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өв, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уламжлалт ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох зорилгоор бий биелгээний сургалтыг энэ долоо хоногт явуулж эхэлнэ.  

Бий биелгээг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, танин мэдүүлэх зорилготой "Угсаатан бий" төслийг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газар эрхлэн зохион байгуулж байна. Дархан хотыг байгуулахад эх орны өнцөг булан бүрээс илгээлтээр ирсэн олон ястны өлгий нутаг хэмээн зарим үед тодотгодог. Энэ ч утгаараа орон нутагт бий биелгээг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх нь чухал хэмээн үнэ төлбөргүйгээр сургалтыг зохион байгуулах ажээ.



Урд өмнө нь өргөн хүрээг хамарсан бии биелгээний хичээл, сургалт зохион байгуулж байгаагүй бөгөөд богино хугацаанд үндэсний өв соёлыг олон хүнд түгээн дэлгэрүүлэх юм. Төслийн хүрээнд сургагч багш бэлтгэх "Шавь сургалт" энэ сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хүртэл 15 хоног үргэлжлэх аж. Мэргэжлийн анги болон сонирхогчийн анги давхар хичээллэх бөгөөд сургалтын сүүлийн өдөр биелгээний тайлант өдөрлөгийг суралцагчид хийх ажээ.



Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх энэхүү ажлыг "Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч, хамгийн олон шавь сургасан, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Гэндэнгийн Баяртай багш удирдан зохион байгуулна. Сургалтын зардлыг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга, Б.Баттөмөр дэмжиж байгаа аж. Тиймээс соёлын биет бусыг өвлөн уламжлах их үйлсэд идэвхтэй хамрагдахыг аймгийн Соёл, урлагийн газраас уриалж байна.

 

Холбоотой мэдээ