ХЭНТИЙ: Аймгийн музейд нийт долоон тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-08 09:57:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийчүүдийн түүх дурсгал, өв соёлын их өргөө болсон Музейн үйл ажиллагаатай танилцаж, захирал Н.Нямсүрэнтэй ярилцлаа. 


-Хан хэнтий нутгийнхаа түүх, өв соёл, үзмэр дурсгал, сан хөмрөг гээд сонирхолтой сэдвээр ярилцах болсондоо баяртай байна.

-Баярлалаа. “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” сурталчлан таниулах эрхэм үүрэгтэй МОНЦАМЭ агентлагийн хамт олонд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Хэнтий аймгийн музейн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар яриагаа эхэлье.

-Аймгийн музей нутаг орныхоо эх түүхийг сурталчлан түгээх, түүх, соёлын өвийг хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээж, соён гэгээрүүлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий соёл урлагийн салбарын бүрэлдэхүүн нэгж юм. Тус музей нь Сэцэнханы ордон музей, Орон нутаг судлах гэсэн салбар хоёр музейтэй, 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө үйл ажиллагаа, боловсон хүчний хувьд өргөжиж, Сан хөмрөг, эрдэм шинжилгээ, сургалт сурталчилгааны алба,


Аюулгүй байдал харуул хамгаалалтын гэсэн хоёр алба, 26 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Музейн ажилтан албан хаагчид бид салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлж, орчин үеийн чиг хандлагад нийцсэн үзүүллэгийг дэглэж, олны хүртээл болгох зорилго тавин ажиллаж байна.  


-Аймгийн Музей үнэхээр хэцүүхэн байранд үйл ажиллагаа явуулдаг байсныг мэдэх юм байна?

-Миний бие анх 2017.02.01-ний өдөр аймгийн музейн захирлын албан тушаалд томилогдсон. Ажлаа хүлээн авч танилцаад, анхны төрсөн сэтгэгдэл зорилго маань музейн шинэ барилга бариулах байлаа. Учир нь тухайн үед одоогийн шинэ барилгын суурин дээр орон нутаг судлах музей гэсэн нэг давхар тоосгон 1945 онд барьсан барилга, дотор нь ороод харахад нар сар гэрэлтсэн, дулаан алдалт ихтэй, хүйтэн зэвэргэн, дээврээс ус гоожсон, дан нурууг нь модоор тулчихсан, паар нь хагарч ус алдаж чийг үнэртсэн, үнэхээрийн хүнд нөхдөлд үйл ажиллагаа явуулж байсан юм.

Ийм газар үйл ажиллагаа явуулж буй нь  үзэгчдийн дээрээс дээвэр нурах, түүх соёлын хосгүй үнэт үзмэр үер усанд автах, нурангид дарагдах гээд эрсдэл ихтэй. Нөгөө талаар аймаг орон нутгийн түүх соёлтой минь танилцаж буй гадны жуулчдад хэрхэн яаж харагдах вэ гэсэн бодол төрсөн.

Ажилтан албан хаагчид Сэцэнханы ордон музейн хашаандаа жижигхэн намхан цагаан байшинд нэг ширээн дээр хоёр гурваараа чихцэлдэн суудаг, харуулын  байр нь зуны амбаарт байрлаж өвөлдөө галладаг, хотын А зэрэглэлийн бүсэд хоёр музей үйл ажиллагаа явуулдаг гэхэд модон жорлонтой, зөөврийн ус хэрэглэдэг хэцүүхэн л байлаа. Үнэндээ тухайн үед ямар газрын удирдлагаар томилогдоод ороод ирэв гэх сэтгэгдэл төрснөө нуух юун. Ингээд хамгийн түрүүнд Сэцэнханы ордон музейгээ орон нутгийн төсвийн хөрөнгө 35,0 сая төгрөгөөр инжнерийн шугам сүлжээнд холбуулж, ариун цэврийн байгууламж бүхий харуулын байрыг бариулсан.


-Үнэхээр өрөвдмөөр байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин шинэ байртай болох санал санаачилга хэзээнээс гараад ийм хурдан ажил хэрэг болчихов?

-Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан нь шинэ барилга бариулах ажилд маань цаг үеийн хувьд эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно. Хамгийн эхний ажил шинэ музейн барилгын зураг төслийг гаргуулах, зураг төслийн үнийг аймгийн төсвөөр шийдвэрлүүлэх байлаа.


Ер нь барилга байшин бариулна гэдэг мөнгөгүй жижиг газарт хэцүүхэн л юм билээ. Техникийн нөхцөлийг олон газраар гаргуулна гуйна, царайчилна, яагаад гэвэл бүгд тодорхой хэмжээний төлбөр төлнө, үнэндээ барилгынхаа зургийг зээлээр хийлгүүлж, дараа жил нь аймгийн төсвөөр гаргуулж байсан түүхтэй. Энэ ажилд тухайн үеийн УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Засаг дарга, ажлын хамт олон, байгууллагын дарга нар бүгд сэтгэл гаргаж тусалсныг хэлэх нь зүйтэй.

Зураг төслөө гаргуулсны дараа улсын төсвөөр бариулах, батлуулах том ажил тулгарсан. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтий аймагт ажиллах үеэр Хан Хэнтий чуулгад болсон иргэдийн уулзалтын үеэр дээрх асуудлаа тавихад газар дээр нь ирж үзэн, аймгийн музейг шинээр барихаар болж байлаа. Энэ хүртэл олон бэрхшээл туулж, боломжгүй гэсэн хариулт сонсох, найдваргүй больё ч гэж няцах үеч гарч  байсан.


Аливаа ажлыг хийж бүтээхэд хамтран ажиллаж байгаа баг хамт олонтойгоо гар сэтгэл нийлж ажилласан, тэдний хичээл зүтгэл юу юунаас илүү чухал байдаг юм байна. Ингээд 2020 оны зургаадугаар сарын 14-нд шинэ музейн шавыг тавьж барилгаа бариулж эхэлсэн. Хуучин барилгыг том даацын авто техникээр шууд буулгах мөчид нураачаад бариулж дуусгаж чадахгүй бол яанаа гэж дотроо бодож айж л байлаа. Анх барилгаа бариулчихвал болоо гэж бодож байсан бол одоо үзүүллэг дэглэлтээ хийж дуусгах зорилготойгоор зүтгэж байна даа.

-Шинэ байрныхаа бүтэц зохион байгуулалт, орон тоо, ямар ямар үйл ажиллагаа явуулах талаар танилцуулаач?

-Шинэ музейн барилга нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй зураг төслөөр барьсан, 1890м2 талбайтай, 3 давхар барилга юм. Нэгдүгээр давхарт музейн стандарт бүхий сан хөмрөгийн 9 өрөө, акталсан үзмэр хадгалах өрөө, кино үзвэрийн болон хурлын танхим, угтах хэсэг, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, чанарын өндөр түвшинд тоноглогдсон камержуулалт, харуул хамгаалалтын хэсэг, ажилтан албан хаагчдын хүүхдийн өрөө байрлаж байна.

Харин 2,3 дугаар давхарт үзүүллэгийн долоон танхим, үзэгчдийн амрах хэсэг, кофе шоп, албан өрөө тасалгаанууд байрлаж байгаа юм. Түүнчлэн үзмэр, эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг ханган зөөж тээвэрлэхэд зориулсан цахилгаан шат /1200кг даацтай/, үзэгчид, ажилтан албан хаагчдын зорчих хэсгийг тус бүрт тусгаарлаж өгсөн шат, аюулгүйн гарц, галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиолол хамгаалалт, тусгайлсан код бүхий хаалга, гэрэл гэрэлтүүлэг гээд орчин үеийн стандартад нийцсэн музейн зориулалтын барилга байгууламж юм.

Мөн Барилгын өндрийн хувьд одоогийн орон сууц барилга байгууламжтай дүйцүүлбэл таван давхар барилгатай дүйцэх ба гадна талбайн зогсоол, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шат, гадна гэрэл гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн. Улсын хэмжээнд бусад аймгийн музейнүүдээс улсын төсвийн хөрөнгөөр барьсан зориулалтын анхдагч барилга гэдгээрээ онцлог гэж хэлж болно.

Үйл ажиллагааны хувьд аймаг орон нутгийн түүх соёл, түүхэн замнал, хөгжил дэвшил, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах гэх мэт бүхий л төрөл зүйлээр ангилан үзүүллэгийн долоон танхим тус бүрдээ таван дэд хэсгээс сэдэвчилсэн үзүүллэгийг дэглэх болно.


Мөн музейн боловсролын ажлыг зохион байгуулах СӨБ, ЕБС-ийн сурагчдад зориулсан тусгай хөтөлбөр тасралтгүй явагдах бөгөөд аймгийн музейгээс боловсролын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарлаж олон бүтээн байгуулалт хийгдэж буйн нэг нь музейн шинэ барилга юм. Жил ирэх тусам аймаг орон нутгийн түүх соёлтой танилцахаар зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Тийм учраас бид жуулчдыг ая тухтай, сэтгэл ханамж өндөр байлгах үүднээс кофе шоп, амрах хэсэг, бэлэг дурсгалын дэлгүүрийг шийдэж өгсөн. Харин уг дэлгүүрт аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, уран дархчуул, гар урчуудын урласан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах юм. Энэ нь эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг сурталчлахаас гадна өрхийн орлого ажлын байрыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байгаа.


-Шинэ музейн үзүүллэг дэглэлтийн ажил хэзээнээс эхэлж, хэзээ дуусах вэ? Энэ хүрээнд яг ямар ажлууд хийж байна?

-Музейн үзүүллэг дэглэлт, тоног төхөөрөмжид шаардагдах 3 тэрбум төгрөгийг 2021 онд улсын төсвөөс баталж өгсөн. Музейн барилга барьж эхлэх, дуусах, үзүүллэг дэглэлтийн тендер зарлагдах мөчид коронавирусний халдвар, өвчлөлийн үе дээд цэгт хүрч байсан. Тухайн үед дэлхий нийт болон манай орны хувьд хорио цээр, өвчлөл ямар байсныг бид мэднэ. Улс орны нийгэм эдийн засаг ч амаргүй байлаа. Хил гааль хаагдахаас эхлээд.


Тиймийн учир үзүүллэг дэглэлтийн ажил товлосон хугацаанаас жаахан хоцорч яваа. Гэвч бид алдсан хугацаагаа нөхөж, аймгийн 100 жилийн ойн өмнө багтааж нээлт хийхийг зорьж, ажилтан албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна. Үнэндээ 2022 оны 11 дүгээр сард тендерийн шалгаруулалт дуусч гүйцэтгэгч компаниуд тодорч гэрээ хийн ажиллаж эхэлсэн. Урьдчилсан төлөвлөгөөгөөр зургаан сардаа багтаан дуусгах зорилготой ажиллаж байгаа ч байсхийгээд л хил гааль хаагдчихаар нийлүүлэгч талуудад хүндрэл үүсэж, ачаа бараа нь хилээр орж ирэхгүй хүлээлт үүсээд байна.

Үзүүллэг дэглэлтийн хамгийн гол зүйл витриний /шилэн хорго /асуудал байдаг. Бид үүнийг БНСУ-д захиалгаар хийлгэж байгаа. Гэтэл хил гааль дээр хоёр сар гаруй саатах жишээтэй. Яг өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж нийлүүлэлт 95 хувьтай үзүүллэг дэглэлтээ эхлээд явж байна.

Манай иргэд, үзэгчдийн хувьд хүлээлт их байгааг ойлгож байгаа, гэхдээ музейн үзүүллэг дэглэнэ гэдэг нь маш их хөдөлмөр, чадвар, оюун ухаан, эв дүй, уран нарийн мэдрэмж, унших, судлах, төлөвлөх гээд нарийн ажил юм шүү.

Гэрэл гэрэлтүүлэг, үзмэрийн тайлбар, орчуулга, ямар үзмэрийг хаана дэглэх, хана тааз ямар байхав гээд төлөвлөлт, хүч хөрөнгө шаардагдана. Үнийн өсөлттэй уялдаад тухайн үед төлөвлөж байснаас өөрчлөгдөн хөрөнгө санхүүгийн асуудал ч тулгарч байна. Гэхдээ аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд, барилга, үзүүллэг дэглэлтийн ажилд онцгойлон анхаарч, дутагдаж буй төсөв 400.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөр шийдэж өгсөн болохоор хүсэн хүлээсэн мөч ирж, 100 жилийн ойн өмнө дуусгана.


-Хэнтий аймгийн музейн онцлог нь юу вэ? Ямар ямар онцлох ховор нандин үзмэр, түүх дурсгалын олдворууд хадгалагдаж байдаг вэ?

-Хэнтий аймгийн музейг 1949 онд байгуулсан, 74 жилийн түүхэн замналтай түүх соёл, оюуны өргөө юм. Аймгийн музейд түүх, угсаатан, шашин, археологийн ач холбогдол бүхий 2000 гаруй үзмэр эд өлгийн зүйл хадгалагддаг. Үүнээс дурдвал, Монгол Улсын хосгүй үнэт үзмэр халхын Сэцэнханы тамга хайрцгийн хамт, мөн халхын Сэцэнхан аймгийн угсаа залгамжилсан Сэцэн хануудын үе дамжин эдэлж хэрэглэж ирсэн эдлэл хэрэглэлүүд, халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл Жанжин бэйс, Хүлэг шинжээч, Өвгөн ноён М.Пүрэвжавын эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгүүдийн зураг, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт оршин суудаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, ховор ном судар, бурхад зэрэг түүх, соёлын дахин давтагдашгүй дурсгалууд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.



Мөн Хэнтий аймаг нь их эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ онцлогтой бөгөөд одоогоор аймгийн музейн Бүртгэл мэдээллийн санд 585 дурсгалт газрын 7010 түүх соёлын үл хөдлөх дурсгал хадгалагдаж байгаагаас улсын тусгай хамгаалалт бүхий Халхын Сэцэн хануудын үе дамжин төрийн үйл хэргийг явуулж байсан зуны ордон, 13 дугаар зууны үед холбогдох “Гэлэн” хэмээн нэрийддэг хүн чулуун хөшөө, Их Монгол Улсын гал голомт Хэрлэнгийн хөдөө арал, Долоон болдог, Шилхэнцэг, Дэлүүн болдог гэх зэрэг түүх, соёлын дурсгалууд оршин байдаг нь бид бүхний онцлог бахархал юм.


-Сумдад орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

-Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 14 суманд Орон нутаг судлах танхим үйл ажиллагаа явуулж байна. Сумдад орон нутаг судлах танхим нь гол төлөв соёлын төвийнхөө байранд тэдний удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Харин сүүлийн жилүүдэд ихэнх сумд маань орон нутаг судлах танхимдаа анхаарал хандуулж, орон нутаг судлах танхим хариуцсан ажилтан орон тоогоор авч ажиллуулж байна. Үйл ажиллагаа үзмэр бүтээлийн хувьд сум болгоны үзүүллэг дэглэлт нь тухайн газар орныхоо байгаль цаг уур, соёл, угсаа нийтлэгийн онцлогоос хамаараад харилцан адилгүй.

Манай сумдын орон нутаг судлах танхимын үзмэр, эд өлгийн зүйл нь улс, аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж явдаг бөгөөд сор болсон сайхан үзмэр бүтээлтэй сумд ч олон байгаа. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд музейтэй ижил гадаад, дотоодын жуулчдад нутаг орноо сурталчлан таниулах, соёлын өвийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүрэгтэй.


-Музейн боловсрол олгох ажил гэж юу вэ? Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Даяаршиж буй нийгэмд улс үндэстний оршин тогтнохуйн баталгаа бусад улсаас ялгарах гол онцлог нь бидний өв соёл, түүх ёс заншил, уламжлалт арга ухаан юм. Соёлын өвөөр дамжуулан олон нийтэд соёлын биет болон биет бус өв, түүх, ёс заншил, уламжлалт баяр ёслол, тоглоом наадгай, түүхэн дурсгалаа хайрлан хамгаалах, өвлүүлэн үлдээх, ёс уламжлалаа эрхэмлэх, сэргээх, соёлын өвийн талаар мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх бүх насныханд зориулсан соёлын боловсрол олгон ажиллахад музейн боловсролын ажлын гол зорилго оршино.

Манай музей нь 2022 онд дөрвөн сэдвийн хүрээнд бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, нийт 1256 хүнийг хамруулан ажилласан байна. Үүнд, ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулан “Эх түүхээ түгээн дэлгэрүүлье” боловсролын хөтөлбөрийг дөрвөн удаа, хүүхэд, гэр бүлийн хүрээнд зориулан “Гэр бүлээрээ музейд” боловсролын хөтөлбөрийг гурван удаа, СӨБ-ын сурагчдад “Тоглонгоо суралцахуй” боловсролын хөтөлбөрийг таван удаа тус тус зохион байгууллаа.




Мөн “Цахим музей” боловсролын хөтөлбөрийн хүрээнд ажлын өдөр бүр байгууллагын “Хэнтий музей” цахим хуудсаар дамжуулан соёлын биет болон биет бус өвийн талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна. 2023 онд Бидний түүх Музейд, Бяцхан судлаач, Гэр бүлээрээ Музейд, Баатрууд гэсэн дөрвөн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Музейн боловсролын ажилтан нь өөрөө энэхүү хөтөлбөрүүдийг боловсруулан сургууль, цэцэрлэгийн багш нартай хамтран зохион явуулдаг бөгөөд хүүхэд багачууд ч маш их сонирхон идэвхтэй хамрагддаг. Энэ ташрамд хамтран ажилладаг сургууль, цэцэрлэгийн удирдлага болон багш, сурагчдадаа баярлаж талархаж явдгаа илэрхийлье.


-Сэцэнханы ордон музейн орчны тохижилтын ажил хийнэ гэв үү? Хэдэн төгрөгийн төсөвтэй ямар ажлууд хийх вэ?

-Сүүлийн жилүүдэд улс, аймгийн төсвөөр аймгийн музейд нийтдээ долоон тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд барилга байгууламж, үзүүллэг дэглэлт, тоног төхөөрөмж, автомашин, инженерийн шугам сүлжээ гэх мэт. Аймгийн музейн ажилтан албан хаагчид бидний хувьд УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагын зүгээс чамлахааргүй их дэмжлэг авч ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нутаг орныхоо түүх соёлын үнэт дурсгалыг хадгалан хамгаалж, сэргээн засварлаж унаган төрхөөр нь авч үлдэх нь бидний эрхэм зорилго шүү дээ. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт “Сэцэнханы зуны ордонг хуучны загварт оруулж, орчны тохижилтыг хийж, сэргээн засварлана” гэж заасан байгаа. Бид дан ганц улс, аймгийн төсвөөр хөрөнгө оруулалт хийлгэнэ гэж байхаар өөр арга замаар мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцъё гэж шийдвэрлэн Монголын урлагийн зөвлөлийн “Өв эрдэнэ ” төсөлд аймгийн музейн зүгээс санал хүсэлт гаргаснаар дэмжигдэн шалгарч дээрх ажил хийгдэхээр болсон юм.


Одоогийн байдлаар МУЗ-ийн “Өв эрдэнэ” төслийн хамт олонтой удаа дараалан уулзалт зохион байгуулснаар Сэцэнханы ордны орчны тохижилтын ерөнхий төлөвлөгөө гарч, зураг төсөл боловсруулан бэлэн болсон. Үндсэн ажил энэ сарын дунд үеэс хийгдэж эхлэх бөгөөд бид бэлтгэл ажлыг ханган өөрсдийн зүгээс хийх шаардлагатай байгаа жижиг төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэсээр байгаа. Ерөнхийдөө хүүхэд залуучуудын чөлөөт цагийг ая тухтай, таатай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, тохилог сайхан орчныг бий болгохыг зорин ажиллаж байна.  


-Соёлын биет бус өв өвлөн уламжлагч /СББӨӨУ/-ийг таниулах аян өрнүүлсэн гэсэн. Хэнтий аймагт хэчнээн СББӨӨУ байна вэ?

-СББӨӨУ-дыг алдаршуулах, авьяас билгийг нь хойч үедээ өвлүүлэх талаар аймгийн музейн зүгээс нэлээд ажлыг зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна. Жишээлбэл, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлэг хийж архивлан үлдээх, сургалт, уулзалт зохион байгуулах, бүтээлийг нь сурталчлах гэх мэт. Дээр хэлсэнчлэн шинэ музейнхээ дэргэд эдгээр алдартнуудын бүтээлээр музейн бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулахаар төлөвлөсөн байгаа.


Аймгийн музейн бүртгэл мэдээллийн санд нийтдээ долоон ай савын 798 СББӨӨУ бүртгэгдээд байна.


-Аймгийн музейгээр жилд хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ? Аялал жуулчлалын бүс нутаг болоход танай байгууллагын үүрэг оролцоо мэдээж их байна байх.

-Аймгийн музей нь жилд үзүүллэгийн танхимаар 5000-7000 хүнд үйлчилгээ үзүүлэхээс гадна олон нийтийг хамарсан тэмдэглэлт баяр ёслол, эвент үйл ажиллагаануудад тусгай үзэсгэлэн дэглэх, тайлбарт аялал зохион байгуулах, боловсролын ажлаар дамжуулан хүүхэд багачуудад ч хүрч үйлчилдэг. Хоёр музей маань шинэчлэгдэн үзүүллэг дэглэлт хийснээр энэ тоо улам өсөх байх гэж бодож байна.

Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох ажлын хүрээнд аймгийн музейн үүрэг оролцоо их байлгүй яахав. Энэ тал дээр аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай хамтарч ажилладаг. Түүхэн дурсгалт газрыг аялал жуулчлалын маршрутад оруулах, хамгаалах, эвент үйл ажиллагаанд хамтран оролцох, тусгай үзэсгэлэн дэглэх, тайлбарт аялал зохион байгуулах, хөтөч тайлбарлагчийн сургалт зохион байгуулах, зөвлөгөөн хэлэлцүүлэгт хамтран оролцох гэх мэт ажлуудыг хамтран гүйцэтгэж байгаа. Цаашид ч олон ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 






Холбоотой мэдээ