Жак Шазалет: Монгол-Францын хамтын ажиллагаа мал аж ахуйн салбарт эхлэлийг тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-28 12:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Франц улсад болох олон улсын мал аж ахуйн үзэсгэлэн-худалдаанд анх удаа хүндэт зочноор оролцох гэж байна. Энэ талаар үзэсгэлэнг хариуцсан ТУЗ-ийн ерөнхийлөгч Жак Шазалетаас тодрууллаа. Тэрбээр Монголд ирж мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтад оролцсон юм.

-Монгол, Франц улсын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагааг та юу гэж үзэн хүлээн авч байна?

-Монгол, Францын энэ хамтын ажиллагаа нь хоёр улсын хувьд аль аль талд сонирхолтой, үр бүтээлтэй эхэлж байна. Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог, мал аж ахуйг хөгжүүлж буй орон. Тийм учраас хөдөө, аж ахуй, тэр дундаа нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлж сайжруулах шаардлага байгаа гэж үзэж байна. Энэ тал дээр Франц улс дэмжлэг үзүүлэх нь эргээд танай орны хөдөө аж ахуйд, мал аж ахуйд нэмүү өртөг бүтээх, хоёр хөршөөс зарим салбараар хамаарч буй байдлаас харахад стратегийн хувьд чухал хэмээн бодож байна.



-Монгол Улс олон улсын үзэсгэлэн-худалдаанд оролцохын ач холбогдол юу байх вэ?

-Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” энэ оны 10 дугаар сард болно. Монгол Улс энд оролцсоноор нэг талаас хөдөө, аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна гэж үзэж байна. Нөгөө талаар Монголын талын малчид Францын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, тэргүүний арга барил, давуу талуудтай танилцаж судалж суралцах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээхэд дөхөм болно гэв. 

Ноён Жак Шазалет нь олон улсын үзэсгэлэн-худалдааг зохион байгуулагчаас гадна өөрөө хонины аж ахуй эрхэлдэг байна.


Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE”-д Монгол Улс анх удаа хүндэт зочноор оролцох болсонтой холбогдуулан тус үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл өнгөрсөн 7 хоногт манай улсад ирсэн юм. Тус баг мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтыг ХХААХҮЯ-нд зохион байгуулж, мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцсэн юм. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ