Өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-25 17:26:10

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлж, гишүүнээр 76 хүүхдийг сонгон ажиллуулж байна. Увс аймгаас Өсвөрийн парламентын гишүүнээр Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний, лаборатори цогцолбор 1-р сургуулийн 11А ангийн сурагч З.Аялгуу, ЕБ-ын 6-р сургуулийн 11Б ангийн сурагч А.Туяа, ЕБ-ын 4-р сургуулийн 11Б ангийн сурагч Д.Ганцэцэг нар сонгогдон ажиллаж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас “Өсвөрийн парламент”-ын гишүүдтэй дараах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ. Үүнд:

-Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аймгийн, бүсийн хэмжээний хүүхэд залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, хүүхэд, залуусыг өргөнөөр оролцуулах.

-Хүүхэд, залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжих нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах,

-Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа, усалгааны ажилд хүүхэд, залуучуудыг идэвхтэй оролцуулах,

-Иргэд болон хүүхэд залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх,

-Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг аймаг, дүүрэг, сумандаа уламжлал болгон зохион байгуулах,

-Өсвөрийн парламент хөтөлбөр, YOUCCAN сүлжээний манлайлагч гишүүнийг аймаг, сумын түвшинд сурталчлан танилцуулах, байгаль хамгаалал, хүүхэд залуусын оролцооны чиглэлээр олон нийтийн нөлөөллийн ажил зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг УИХ, Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн Сан”, “People in need”, байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй хүүхдийн анкетыг хүлээн авч, 76 хүүхдийг шалгаруулсан байна.

Холбоотой мэдээ