Д.Төгөлдөр: Мэдэхгүй зүйлээ бусдаас асуух нь хөгжлийн эхлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-13 22:36:12

Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Д.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр сайн багш төдийгүй, чадварлаг сургалтын менежер юм.


-Боловсролын байгууллагатай холбогдсон түүхийнхээ талаар ярина уу?

-Би 1995 онд Архангай аймгийн багшийн их сургуулийг төгссөн. Анх Ховд сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар ажилд орж байлаа. Оюутны ширээнээс хүүхэдтэй ажиллах үед мэдэхгүй зүйл их гарна. Тэр үеийн чадварлаг багш нарынхаа буянаар ажилдаа амархан дассан гэж боддог. Мөн аав, ээж маань багш мэргэжилтэй хүмүүс байсан тул сургаал, зөвлөмжийг нь дагаж ажилладаг байлаа. 1998 оноос Өмнөговь сумынхаа ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилласан. Энэ хугацаанд багш, хичээлийн эрхлэгч, сургалтын албаны дарга буюу ахлах менежер зэрэг албан тушаалыг хашиж ирсэн.

-Хэдэн онд Монгол Улсын зөвлөх багш болж байв?

-Өмнөговь сумын үе үеийн багш нарын амжилт бол үнэхээр бахархалтай. Сургуулийнхаа түүх, амжилтыг бүтээлцсэн чадварлаг багш нар олон бий. Тэд маань бие биенээсээ суралцан, зааж зөвлөхөөс гадна сайныг дэмжих, мууг засах тал дээр нөлөөлж чаддаг. Ийм сайхан хамт олны хөдөлмөр, сэтгэл, хайр халамжаар өнөөдрийг хүртэл боловсролын байгууллагад чамлахааргүй амжилт гарган ажиллаж байна. 2016 онд Монгол Улсын зөвлөх багш болсон.

-Багш мэргэжлийн бахархалтай, сайхан зүйл нь юу вэ?

-Багшийн ажил бол буяны ажил гэж боддог. Цаас шиг цагаахан ертөнцтэй хүүхдүүдтэй ажиллахдаа тэдэнд эрдэм ном сургахаас гадна бие хүн болон төлөвшихөд нь хоёргүй сэтгэлээ зориулдаг. Эрдмийн цагаан өргөө бол хамгийн ариун өргөө юм. Учир нь хүүхдийн инээд цалгин, хонхны дуу цангинан сонсогдох нь баяр баяслыг мэдрүүлдэг. Энэ ч утгаараа үе үеийн багш нарын залгамж халаа болон ажиллаж байгаадаа баярлаж явдаг даа.

-Өнгөрсөн хугацаанд хувь хүний хувьд амжилт, туршлага арвин хуримтлуулсан байх?

-Боловсролын байгууллагад 27 жил ажиллахдаа 13 жил сургалтын менежерээр ажилласан байна. Бага ангийн багшаар бол цөөхөн жил ажиллажээ. Гэхдээ энэ хугацаанд шавь нар маань бага ангийн аймгийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Өөрийн амжилт гэвэл 2015 онд аймгийн математикийн багш нарын олимпиадад түрүүлсэн, мөн 4 удаа мөнгөн медаль, 7 удаа хүрэл медаль хүртжээ. 1996, 1997 онд аймгийн ур чадварын уралдаанд амжилт гаргаж байлаа. Мөн илтгэлийн уралдаанд аймагт 2, 3 дугаар байрт шалгарч байсан.

-Сургалтын менежер хүн ямар байх ёстой вэ?

-Тухайн сургуулийн сургалтын чанар сургалтын менежерээс ихээхэн шалтгаалдаг. Менежер хүн багшийг хэр зангидаж, сайн талыг нь олж харснаас шалтгаалан сургалтын чанар дээшилдэг. Хүн бол урмын амьтан шүү дээ. Сургалтын менежерээр ажиллаж байх үед олон жил удирдах ажил хийсэн н.Батчулуун багштайгаа нэг өрөөнд хамт суудаг байлаа. Тэр үед багш нарын хичээлд их сууна. Багш нарын ажлыг хянаж, арга зүйг нь харж байгаа боловч нөгөө талаар өөрөө их хөгждөг байсан.

Менежер хүн мэргэжилдээ сайн, арга зүйтэй, түүнийгээ бусдад дамжуулах нарийн судсыг олсон байх ёстой гэж боддог.
Миний хувьд 2007 онд бүсийн шилдэг менежер болж байлаа. Тэр үед хамт ажиллаж байсан удирдлагуудтайгаа хамтраад сургалтын хяналт үнэлгээг өөрсдөө гардан хийдэг байсан. Тухайлбал түүхийн хичээлийн асуултын боловсрол стандартыг хүртэл уншаад сэдвээ өөрсдөө боловсруулна, засна. Түүнийгээ багш нарын хурлаар танилцуулан алдаа, оноог нь хэлэлцүүлэх, хүүхдэд зориулсан жишиг даагаврыг мөн өөрсдөө бэлтгээд коридорт байршуулах зэргээр бүтээлчээр үлгэрлэн ажилладаг байсан.

-Залуу багш нарын хөгжлийг юу гэж харж байна?

-Хөгжил дагаад багшид чадваржих боломж байдаг ч багшийн хөгжлийг нийгмийн хөгжилтэй харьцуулах боломжгүй. Багшийн хөгжил бол арга зүй юм. Нэг ёсондоо онолоо мэддэг, арга зүйгээ ойлгосон хүн сайн багш болдог. Тухайн багшийн хувьд өөрийн мэдлэг, нарийн арга зүйг өөрийн хөдөлмөрөөр л олдгоос гадна багшийн мэргэжил тасралтгүй хөгжих ажил гэж ойлгодог. Залуу багш нартаа хандаад “Багш хүн өөрийгөө танихын тулд эхлээд юу чадах, чадахгүйгээ мэдэх, улмаар бусдаас суралцах хэрэгтэй. Мэдэхгүй зүйлээ бусдаас асуухаас эмээгээд байвал хөгжихгүй, хүнээс юм асууна гэдэг бол хөгжлийн үүд хаалга нээгдэж байна гэсэн үг” хэмээн захих байна. Ингээд сургуулийнхаа хамт олон, боловсролын салбарын багш, ажилтнууд, Увсчууддаа шинэ оны мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ