Ус дамжуулан түгээж, тээвэрлэхэд 6-12 төгрөгийн зардал гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-01-11 11:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний сараас ахуйн болон албан байгууллагын хэрэглээний усны үйлчилгээг нэмэгдсэн үнээр тооцож эхлээд байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн өнгөрсөн оны 7 дугаар сарын 21-ний 78 дугаар тогтоолын дагуу Ус сувгийн удирдах газар 2022 оны 1 дүгээр сарын сарын 1-нээс эхлэн усны үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлтийн дагуу төлбөр тооцоог хийж байна.


Ингэснээр гэр хорооллын айлуудын усны төлбөр 1 төгрөг байсныг 1 төгрөг 80 мөнгө болгоод байна. Мөн орон сууцны айлуудын хэрэглээний усны үнэ 71 мөнгө байсныг 1 төгрөг 7 мөнгө болгон нэмээд буй талаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь мэдээллээ.


Зуслан болон төвөөс алс байршилтай зориулалтын цэгт 4 төгрөгөөр борлуулж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааны зардал нэмэгдэж алдагдалтай ажиллах болжээ. Тухайлбал, гэр хороололд ус түгээхэд 6-12 төгрөгийн зардал гарч буйг тэрээр тодотгож байна. “Энэ нь усыг үнэлээд байгаадаа биш юм. Усыг олборлож, ариутгаж халдваргүйжүүлэхэд, мөн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэн түгээх зэрэгт зардал нэмэгдсээр байгаа”-г хэлж байна. 




Хэрэглээний усыг 24 цаг тасралтгүй түгээж дамжуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг өндөр өртөг зардалтай, ус түгээх, дамжуулах, боловсруулах шугам сүлжээ олон жил болж хуучирсан, тэдгээрийг шинэчилж солиход татуургын тоног төхөөрөмж, шугам сүлжээний төмөр ган хийцийн үнэ 2-4 лахин нэмэгдсэн зэрэг нь нөлөөлж байгаа аж. Хэрэглэсэн бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зардал мөн өсөн нэмэгдсээр байна. Ус тээвэрлэж түгээх үйл ажиллагаа хот суурин газар, аймаг, нийслэл, хөдөө орон нутагт ялгаагүй 6-12 төгрөгийн зардал гарч байна. Тэгвэл олж буй орлого литр ус тутамд 2 төгрөг байж үүнээс татвар тооцож буйг дурдаж байна.

Усны төлбөрийн нэмэгдэл нийслэлийн төвийн дүүргүүд болон Багахангай, Багануур, Налайх дүүрэгт энэ сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Түүнчилэн Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Төв зэрэг 13 аймагт мөрдөж, усны үнийг өөрчлөөд байна. 


Холбоотой мэдээ