Б.Сувд: “Дэлхийн номын нийслэл” цолд хүрэхийн төлөө ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-09-16 11:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд маргааш эхэлнэ. Энэ жил 15 дахь жилдээ буюу 30 дахь удаагийн номын баярыг “Өдөр бүр уншъя” уриан дор зохион байгуулах юм. Номын гэрэлт энэ өдрийг санаачлан бодитой ажил болгож, бүтээлч үйлс өрнүүлж буй “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай ярилцлаа.


-Энэ удаагийн номын баяр ямар онцлогтой байх вэ?

-Номын баярыг 15 дахь жилдээ зохион байгуулж, тогтсон хугацаанд тэмдэглэдгээрээ үнэхээр сайшаалтай юм. Энэ хугацаанд бид олон саад бэрхшээлийг туулж, бороо, цас, шуургыг сөрж, хүч дутах, төр засгийн дэмжлэггүй байхын бэрхшээл, зовлонг мэдэрсэн. Гэвч ухарч, шантралгүй хичээж, олон удаа уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж, “Ном, соёлоо дээдэлье” хэмээн санаачлан зүтгэсний хүчинд “Үндэсний бичиг соёл, номын өдрийг тэмдэглэх” зорилт маань батлагдаж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт Сүхбаатарын талбайдаа хуран чуулах эрхтэй болсон. УИХ-ын энэ түүхэн шийдвэр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хэлэлцүүлгээр батлагдсан юм. Үүнийг дэмжсэн УИХ-ын гишүүд, санаачилсан гурван гишүүн, дэмжсэн УИХ-ын даргад МОНЦАМЭ агентлагаар дамжуулан гүн талархал илэрхийлж байна.

“Үндэсний бичиг соёл, номын өдөр” хууль батлагдсан нь энэ удаагийн номын баяраар талархлын өдөр болж өнгө төрх нь илүү тодорно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид хичээж, баярыг угтсан бэлтгэл  ажлуудаа хангаж дууслаа. Номын баяраа өргөн дэлгэр болгохын төлөө клубийнхэнтэйгээ хичээн ажиллаж ирсэн.


-Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болохыг хуульчилж, номын баярыг УИХ-ын даргын ивээл дор тэмдэглэдэг болсноороо ном хэвлэн нийтлэгч, зохиолч, хэвлэлийн байгууллагад ямар давуу талтай болсон бэ?

-Өмнө нь бид төр засгийн хэмжээнд ойлголцдоггүй, ойлгуулах гэж олон жил болсон. Тэгвэл одоо энэ салбарыг дэмжиж, сайшааж байгаа. Үндэсний ном бичиг, соёлын хууль батлагдсан нь давуу тал бий болголоо. Номын баярын тогтсон өдрийг хуулиар хамгаалах, ном зохиол, үсэг бичгийн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чухал түлхэц болж байна.


-Бичиг соёлын хүрээнд, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд ямар ач холбогдол өгч байна бэ?

-Номын баяр бол ном, соёлоо эрхэмлэдэг хүн бүрийн баяр юм. Ном соёлоор дамжин, хүний хөгжлийн тухай зөв мэдлэгийг бусдад түгээх үзэл бодолдоо тууштай байж чадсан бүх хүний баяр юм. Манай ТББ-ын үнэт зүйл бол бусдыг сэдэлжүүлж, ухааруулж, оюун ухааны охь дээж болсон ном зохиол, бүтээл туурвил, хүн төрөлхтний ололт амжилтаас тэгш хүртэх эрхийг хүн бүрд өгөх явдал юм.

Энэ удаагийн баяраар үндэсний бичиг соёлыг сурталчлах, өв соёлыг таниулах чиглэлээр үзэсгэлэнгүүд дэлгэнэ. Үүнээс бид монгол бичгээ сурах, унших,  монгол дээл хувцсаараа гангарах, үндэсний үзэл сэргээсэн уур амьсгалыг мэдэрнэ гэдэгт итгэж байна.


-Энэ удаа номын баярыг цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулалтад ямар нэг өөрчлөлт орох уу?

-Өнгөрсөн хавар ч гэсэн "КОВИД 19"-ийн үед номын баяр болсон. Уг баярыг тасралтгүй хийдгээрээ давуу тал болдог. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Ирэх 2023 онд Юнескогоос олгодог, “Дэлхийн номын нийслэл” цолд хүрэхийн төлөө ажиллаж байна. Номын бодлого, номын соёл гэдгээрээ дэлхийн улс орнуудтай өрсөлдөх  гэсэн том  зорилго тавьж буй хэрэг юм. Энэ хүнд цаг үед иргэдийнхээ ном унших эрхийг хамгийн түрүүнд хангахыг зорьж байна.


-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн зохицуулж ажиллах вэ?

-Өнгөрсөн хавар болсон 29 дэх удаагийн номын баяраар нэлээн туршлага хуримтлуулсан. Халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар тодорхой ойлголттой болсон. Энэ удаагийн номын баяраар үүнийгээ улам  сайжруулж ажиллана.  Өнгөрсөн хавар болсон номын баярын үеэр халдвар гараагүй. Энэ удаа ч гэсэн халдвар гаргахгүйн төлөө хичээн ажиллана. Бүх оролцогсдыг бэлтгэлээ хангахыг анхааруулсан. Мөн оролцогчдоос вакциндаа хамрагдсан гэрчилгээтэй эсэхийг тодруулж байна.

Дор бүрнээ халдвар хамгаалалтын дүрмээ баримтлах, хүн бүр амны хаалтаа зүүх, бээлий өмсөх, бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг сануулж байгаа. Ойролцоогоор 50 мянган хүн оролцдог өргөн цар хүрээтэй баяр болдог учраас аль болох  халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахин зохион байгуулна.   


-Хэчнээн хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгч, зохиолч оролцох вэ?

-Төв талбайд нийт 200 асар засаж, аль болох хүртээмжтэй байлгах үүднээс олон хүн оролцуулахыг хичээж байгаа. Сэтгэлийн цэнгэл эдлэхийг хүсдэг хүмүүс хэдийгээр амны хаалт зүүсэн ч хүн хоорондын зай барин, уулзахын баярыг тэсэн ядан хүлээж байгаа.


-Ямар ямар шинэ ном бүтээл уншигчдад хүрэх бол, зах зухаас нь дурдвал?

-Номын баярыг  мэдлэгт суурилсан үйл ажиллагаа гэж хэлж болно. Хэвлэх  үйлдвэр, зохиолч, нийтлэгчид тун завгүй бэлтгэлээ хангаж байна.  Манай ТББ-ын тухайд, өнгөрсөн 15 жилийн хугацаанд Номын баярыг санаачлан, зохион байгуулсныхаа төлөө мянга мянгаар тоологдох талархал, хүндэтгэлийг хүлээсэн. Тэр талархлыг ном болгож хадгалсан бол нэг аймгийн номын сангийн номтой тэнцэхээр олон номтой болох байлаа. “Үндэсний бичиг соёл, ном”-ын баярын энэ өдрөөрөө бид тэдгээр талархлыг нэгэн ном болгон та нартаа илгээж байна. “Номын баяр-Бидний баяр” номын талархал бүрд уншигчдын маань хайр хүндэтгэл, ерөөл шингэсэн.


-Өөр ямар сонин гэнэтийн бэлэг уншигчдыг угтах бол?

-Номын хямдрал зарладаг. Энэ бол уншигчдын хувьд баярлаж хүлээдэг зүйл билээ. Мөн маш ховор, сонин номнуудыг олж авах боломж бүрддэг.


-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцаач?

-Бид хүмүүст ном уншдаг, түүгээр оюун ухаанаа тэжээдэг байхыг л уриалсан. Энгийн нэг зорилго боловч үүгээрээ олон мянган хүнд ном унших, хөгжин дэвших сэдлийг төрүүлсэн хэмээн итгэдэг учраас түүнээсээ эрч хүч авч, илүү урам зоригтой ажилладаг юм. Бидний дараагийн эрхэм зорилго бол ЮНЕСКО-гоос олгодог “Дэлхийн номын нийслэл” цолыг Улаанбаатар хотдоо титэмлэн авахын төлөө ажиллаж байна. Номын соёл тогтсон хотуудад уламжлалт номын баярыг өргөн хүрээнд зохион байгуулж, соёлын аялал жуулчлалын чухал салбар болж явдаг.

 

Холбоотой мэдээ