Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө 1300 жилийн түүхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-04-07 12:37:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан, Мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон гэрэлт хөшөө, тахилын онгон бүхий түүх соёлын дурсгалт газар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно, Улаанбаатар хотоос зүүн урагш 66 км километрт тусгай хамгаалалтад байна. 


Энэхүү дурсгалт газарт хоёр  гэрэлт хөшөөний зэрэгцээ тахилын ширээний чимэглэл бүхий чулуун тавцан, толгой нь хугарсан хүн чулуу, зэл чулуу, суурь чулуу, вааран эдлэл, тоосго болон усны хоолой хамаардаг юм. 




Гэрэлт хөшөөнүүд он удаан жил нар, салхинд идэгдэж, гэмтсэн, мал шөргөөснөөс тоосжилт үүсч зарим хэсгээрээ харласан нь ажиглагдана.  Хоёр гэрэлт хөшөөний найман талд нийт 62 мөр бичээс байдаг. Тухайлбал, нэгдүгээр гэрэлт хөшөөний өндөр нь 217 сантметр, үүнд бичээсийн нэгээс гучин долоодугаар мөр байдаг бол, хоёрдугаар гэрэлт хөшөө нь 243 сантметр өндөр, бичээсийн 38-62 дугаар мөрийг багтаан бичжээ. Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөг 1897 оноос эрдэмтэд судалж байна.



Бичээст “Ямар ч газрын хаантай ард түмэнд  мунхаг түшмэл байвал, ихээхэн гай түйтгэр дагуулдаг билээ. Үүнийг Түрэгийн цэцэн хааны ард түмэнд  мэргэн Тоньюкук би гэрээслэн бичүүлэв” хэмээснээр нь энэхүү гэрэлт хөшөөнүүдийг түүнийг амьд байхад бүтээсэн гэж нотолдог байна. Мөн бичээст мэргэн Тоньюкук тухайн үеийн нийгмийн байдлыг өөрийн намтартайгаа холбон бичсэн байгааг судлаачид тогтоожээ.



 Мэргэн Тоньюкук нь 646-732 онд амьдарч байсан тухайн үеийн Түрэгийн хаант улсын хамгийн хүчирхэг язгууртан ноёд бүхий Ашина овгийн язгууртан гаралтай хүн байжээ. Тоньюкук нь Капаган, Кутулуг  буюу Элтерис хааны зөвлөхөөр ажиллаж  байв. Кутулуг хааныг нас барсны дараагаар хүү Могиляныг Билгэ цолтойгоор хаанд өргөмжлөн хүчин зүтгэсээр 86 насандаа өөд болсон байна. 


Түрэг нэрээр түүхнээ алдаршсан Хөхтүрэгийн хаант улс нь 552-745 оны хооронд Төв Азид ноёрхолоо тогтоож байв. 

Судлаачид уг гэрэлт хөшөөг 720-734 оны үед босгосон хэмээн үздэг байна. 


Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Улсын хамгаалалтад байгаа дурсгалт газруудын нэг энэхүү 1300 жилийн түүхтэй мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөний цогцолборыг БСШУЯ, Турк улсын ТИКА байгууллагаас хэрэгжүүлсэн Монгол нутагт буй Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалж, сэргээн засварлах төслийн хүрээнд хашаажуулжээ. 









Видео мэдээг эндээс үзнэ үү. https://montsame.mn/mn/read/259445

https://www.facebook.com/443830719000046/videos/358670678789031



Холбоотой мэдээ