Төмөр замын Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-03 12:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын даргын шийдвэрээр “УБТЗ” ХНН-т ажиллаж, төмөр замын салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн "COVID-19"-ийн халдварын тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар, төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга 956 хүнээс 15 мянга 916 хүн хамрагдаад байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна. 

Зөөврийн 130, ачааны галт тэрэгний 661, сэлгээний 134 зүтгүүрийг ариутган халдваргүйжүүлжээ. Гэрээт байгууллагаар 137 галт тэрэг, 7133 вагон, чингэлэгт, өөрсдийн хүчээр Сүхбаатар, Дархан, Замын-Үүд өртөөнд байрлаж байгаа зорчигчийн 16 вагон, Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялж байгаа тээшийн гурван вагонд халдваргүйтгэл хийлгэжээ.


Шуурхай бүлгийн 14 удаагийн хурлаас ЗТХ-ийн сайдын өгсөн 139 үүрэг, даалгавраас 135 нь 100 хувийн биелэлттэй, дөрөв нь 70 хувийн биелэлттэй байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээн ажиллуулах болсонтой холбогдуулан Шуурхай бүлэг дээрх боомтод өнөөдрөөс эхлэн ажиллахаар болсныг танилцуулж мэдээллээ.


Тус бүлэг нь коронавируст халдвар, цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангалтыг хянаж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллах юм. Өнөөдрийн хурлаар ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ-д анхаарч ажиллах зарим үүрэг өгөв. Үүнд:

  • УБТЗ-ын удирдлага урд чиглэлд галт тэрэг солилцоход анхаарч ажиллах,
  • Амгалан ДЦС-ын нүүрс тээвэрлэлтэд анхаарч, нөөцтэй холбоотой асуудал үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх,
  • Төмөр замын аюултай бүсэд ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх, эрсдэлээс сэргийлэхэд анхаарах,
  • Ханиад, томуугаас сэргийлэх үүднээс томуугийн эсрэг вакцинд төмөр замчдаа хамруулах талаар санаачилгатай ажиллах, 
  • Монголын Тээвэр жуучлагчдын холбоо, “Болдтөмөр Ерөө гол” ХХК зэрэг олон байгууллага хүнд хэцүү энэ үед УБТЗ-д хандив туслалцаа үзүүлж байгаад талархаж байгаа бөгөөд гадны мөнгөн хандив тусламжийг зарцуулахдаа Бэлэн байдлын нөхцөлд жижүүрлэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтнууддаа урамшуулал болгож өгөх тал дээр анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Холбоотой мэдээ