Монгол-Киргизийн шигшээ багууд маргааш халз тулахын өмнө юу хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-14 17:29:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын “F” хэсэгт учраа таарсан Монгол - Киргиз улсын шигшээ багийн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.10.14/  Холлидей Инн /HOLLIDAY INN/ зочид буудлын хурлын танхимд болов.


Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны 4 дэх тоглолтоо маргааш буюу 10 дугаар сарын 15-нд Киргизийн багтай эх орондоо тоглоно. Киргизийн үндэсний шигшээ баг, энэ мөчид бүх цаг үеийнхээ тоглолтуудаас дэлхийн чансааны дээд амжилтыг тогтоогоод байгаа юм.

Энэхүү бага хурал уламжлал ёсоор зочин багийн буюу Киргизийн шигшээ багийнхан эхний ээлжинд сэтгүүлчдэд багаа танилцуулж, сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин: “Бидний гол зорилт хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ талбайдаа хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг гэсэн. Иймд бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана. Монголын шигшээ багийн тоглолтын талаар мэдээлэл багатай. Бид өөрсдийн арга барилаар, бүхий л хүч боломжоо дайчилж тоглоно” гэв.

Харин багийн ахлагч Валерий Кичин “Манай баг энэ тоглолтын өмнөх бэлтгэлээ чамбай сайн хийсэн. Гэхдээ Монголын шигшээ багийн тоглолтыг сайн мэдэхгүй ч бидний хувьд бэлтгэлээ сайн хангасан болохоор олон гоол оруулна гэдэгт итгэлтэй байгаа” гэлээ.


Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Киргизийн багийн 23-аас доош насны залууст 2017 онд 3:0-ээр хожигдсон. Харин өнөөдөр манай үндэсний шигшээ баг тоглоно. Бид энэ тоглолтод 2,5 жил хамтарч ажилласан хичээл зүтгэлийнхээ хүчинд хүрсэн үр дүнгээ харуулахыг зорино. Шигшээ баг 2,5  жилийн өмнө ямар түвшинд байснаа эргэн санах хэрэгтэй. Бид бөмбөг эзэмшилтийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө хамтаараа хичээж зүтгэж байгаа. Бид өөрсдөөс хол илүү ур чадвартай, чансаа өндөр Японы шигшээ багтай манай баг 100 хувь хамгаалах тактик, арга барилаар тоглосон. Киргизийн баг арын бүсээс довтолгоо хийж тоглодог. Бид энэ удаа зөвхөн хамгаалах бус довтолгоо хийж тоглоно” хэмээн онцоллоо.

Энэ сарын 10-нд Киргиз шигшээ баг өөрийн талбайдаа Мьянмарын шигшээг 7:0-ээр хожсон нь тус багийн хамгийн олон гоолоор хожсон тохиолдол болсон юм. Мьянмарын хаалганд Хэттрик хийсэн /3 гоол/ Эдгард Андреевич Бернхардт нь Киргиз, Герман гаралтай хөлбөмбөгчин юм. Тэрбээр Герман, Польш, Голланд, Финлянд, Оман, Тайланд, Малайз зэрэг улсад тоглож байсан туршлагатай тамирчин билээ.

2019 оны Ази тивийн АШТ-ий шилдэг 16-д үлдсэн ч АНЭУ-ын шигшээ багт нэмэлт цагт 3:2-оор хожигдож байв. Ази тивийн АШТ-ий шөвгийн 16-д тоглосон АНЭУ-ын эсрэг тоглосон гарааны тоглогчдоос Валерий Кичин, Тамирлан Козубаев, Хайрат Жыргалбек, Бекжан Сагынбаев, Эдгар Бернхардт, Фархат Мусабеков, Мирлан Мурзаев /АНЭУ-ын эсрэг гоол оруулсан/ гэсэн долоон тоглогч 10 дугаар сарын 10-нд Мьянмартай хийсэн тоглолтыг гарааны бүрэлдэхүүнээс давуу байдлыг эхлүүлж чадсан. Киргиз, Мьянмарын 7:0-ээр ялсан тоглолтод оролцсон Киргизийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний дундаж нас 24 байсан юм. 

Ташрамд сонирхуулахад, Монгол, Киргизийн 23 хүртлэх насны багууд 2017 онд анх удаагаа тоглон "Цагаан бүргэд" /Киргиз/-үүд 3:0-ээр хожиход, одоо ирээд байгаа Киргизийн шигшээ багийн гарааны тоглогч Бекжан Сагынбаев нэг гоол манай хаалганд оруулж байжээ. 

Холбоотой мэдээ