Екатеринбург хотноо боксын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
dusem11@yahoo.com
2019-09-09 17:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 2019 оны ДАШТ өнөөдөр эхэлж байна.


Энэ удаагийн ДАШТ-ээс “Токио-2020” зуны 32 дугаар олимпийн наадмын эрх олгохгүй. Олон улсын олимпын хорооноос ОУОБХ /AIBA/-г олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ удаагийн ДАШТ-ээс "Токио-2020" олимпын эрх олгохгүй. Тус холбоонд олимпын эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг цуцалж эрх олгох тивийн болон дэлхийн тэмцээнийг 2020 оны нэг, тавдугаар сард зохион байгуулахаар болсон.

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг 1974 онд Кубын Гавана хотноо зохион байгуулж эхэлжээ. Харин 1989 оноос хоёр жил тутамд зохион байгуулах болжээ.

Монголын боксчдоос ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсан тамирчин бол Равсалын Отгонбаяр. Тэрбээр 1982 оны Мюнхений ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Түүнээс хойш нэг алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд уг амжилтаараа ДАШТ-ээс медаль хүртсэн 69 орноос 21 дүгээрт бичигдэж байна. Дэлхийн аваргын алтан медалийг Бээжингийн олимпын мөнгөн медальт П.Сэрдамба 2009 онд Италийн Милан хотноо хүртсэн юм. Харин ДАШТ-ий анхны хүрэл медалийг Э.Цогтжаргал 1993 онд Финландын Тампере хотноо хүртэж байв.

Гавьяат тамирчин Т.Үйтүмэн 1997 онд Будапешт хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган 2007 онд АНУ-ын Чикаго хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медальт, өдгөө мэргэжлийн боксчин Н.Төгсцогт 2009 онд Италийн Милан хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн билээ.

Харин Азербайжаны Баку хотноо 2011 онд болсон ДАШТ-ээс хөдөлмөрийн баатар П.Сэрдамба хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын алтан медалиа хослуулсан юм. Харин 2013 онд Алматы хотноо болсон ДАШТ-ээс олимп, дэлхийн медальтан У.Мөнх-Эрдэнэ дахин хүрэл медаль хүртсэн бол хамгийн сүүлд “Рио-2016” олимпын хүрэл медальт Д.Отгондалай 2017 онд Германы Хамбург хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

ДАШТ-ий түүхэнд хамгийн олон тамирчин буюу 91 орны 488 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн энэ удаагийн ДАШТ хамгийн олон хоног үргэлжилнэ. Харин өнөөдөр болсон тэмцээний сугалаанд 78 орны 365 тамирчин хүчээ сорих эрх авчээ. Олимпын шинэчилсэн жингээр зохион байгуулах тус тэмцээнд манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хойд хөршид очоод байна.

Багийн бүрэлдэхүүн: Багийн ахлагчаар МБХ-ны ЕНБД Ц.Батнасан, Дасгалжуулагчаар Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Н.Баяраа, ОУХМ О.Батхүү, Багийн эмчээр гавьяат эмч Э.Энхбаяр нар тус тус ажиллана. Тамирчдаа танилцуулахад, 52 кг ОУХМ Х.Энхмандах, 57 кг ОУХМ Э.Цэндбаатар /нөөц тамирчнаар ОУХМ .Х.Энх-Амар/, 63 кг ОУХМ. Б.Чинзориг, 69 кг СМ. Г.Баярхүү, 75 кг СМ.Д.Давааням, 81 кг ОУХМ Н.Шинэбаяр, -91 кг ОУХМ С.Эрдэнэбаяр нар оролцох юм.

Өнөөдөр /2019.09.09/ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" -д сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий сугалаа боллоо.

52 кг-д 41 боксчин оролцох бөгөөд манай Хархүүгийн Энхмандах эхний тойрогт хийлээд дараа нь есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.

57 кг-д 51 тамирчин сугалаанд орж, манай Эрдэнэбатын Цэндбаатар эхлээд гоц мөргөөд дараа нь есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн боксчдын ялсантай тулалдана. Хожвол Австри-Дани, Тайвань-Унгарын шалгарсантай таарна.

63 кг-д хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөхөөс манай Баатарсүхийн Чинзориг эхлээд мөн л гоц мөргөөд есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестины ялсантай тулалдана.

69 кг-д 51 тамирчин жиндээ орсноос манай Ганбаатарын Баярхүү эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн дийлсэнтэй тулаан хийнэ.

75 кг-жингийн Даваасүрэнгийн Давааням өнөөдөр (2019.09.09) баг тамирчдынхаа "салхи хагалан” Узбекстаны Ф.Кахрамоновтой тулалдана. Энэ тулаанд ялбал манай тамирчин дараагийн тойрогт Австрийн А.Каммаранотой таарна.

81 кг-д нийт 49 тамирчин сугалаанд оролцож манай Нармандахын Шинэбаяр эхний тойрогт Узбекстаны Д.Рузметовтой учраа таарсан бөгөөд есдүгээр сарын 10-нд рингэнд гарна.

91 кг-д 42 боксчин тулалдахаас Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр эхний тойрогт Словак улсын Д.Михалектай оноолт таарсан. Есдүгээр сарын 10-нд болох уг тулаанд ялсан нь Казахстаны В.Левиттэй тулалдана.

Холбоотой мэдээ